“Нийгэм, улс төрийн боловсрол” төрийн бус байгууллагаас “Саналаа худалдахгүй, хууртахгүй” аяныг цахим орчинд өрнүүлж буй юм. Тус байгууллагын гүйцэтгэх захирал, доктор Б.Эрдэнэдалайтай дээрх аяны тухай болон улс төрийн намуудын санхүүжилтийн талаар ярилцлаа.
-“Саналаа худалдахгүй, хууртахгүй” аяныхаа хүрээнд ямар ажил хийж байна вэ?
-Бид фэйсбүүк дэх “Саналаа худалдахгүй, хууртахгүй” гэсэн нэртэй хуудсаар дамжуулан сонгогчдод боловсрол олгох ажлуудыг хийж байна. Тодруулбал, иргэдийн саналыг худалдан авахаас сэргийлэх, сонгогчид энэ хууль бус үйлдлийн талаар мэдээлэлгүй байснаар ямар боломжоо алдаж, хохирч болзошгүй тухай контент бүтээн, түгээдэг. Жишээ нь, хөгжих, сайхан амьдрах боломжоо “бохир” улстөрчдөд алдахгүй байхыг нийтэд уриалж буй. Иргэд фэйсбүүк хаягийнхаа нүүр зурганд аяны уриалгыг байрлуулж, давлагаалж байна.
-Орон нутгийнханд сонгогчдын боловсрол олгох мэдээлэл, зөвлөмжийг хүргэж байна уу?
-Санал худалдан авалтад хотын захын иргэд, орон нутгийнхан ихэвчлэн өртөх хандлагатай байдаг. Тиймээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн зөвлөмжүүдийг тэдгээр иргэнд хүргэх, тухайн орчинд нь байрлуулах ажлыг тун удахгүй хийнэ. Орон нутгаас сонгогдсон гишүүд тухайн аймаг, сумд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, холбоодын тэргүүн, нөлөө бүхий хүмүүс нь байдаг. Тухайлбал, аймгийн Морин спорт уяачдын, Залуу малчдын холбооны тэргүүнээр гэх мэт. Үүний хүрээнд олон ажил хийсэн байдаг учир тэд аль хэдийн сонгогдох суурь нөхцөлөө бүрдүүлчихсэн гэсэн үг. УИХ-ын тухай хуулиар парламентын гишүүдийг ийм байгууллагын тэргүүн байхыг хориглосон. Гэхдээ л тэд холбоондоо нөлөөлдөг, санхүүжүүлдэг хэвээр байгаа нь ойлгомжтой. Цаашид орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр залуу сонгогчдод улс төрийн боловсрол олгохоор төлөвлөөд байна.
-Манай сонгогчдын боловсрол хэр байгаа бол. Санал худалдан авах үйл явцад өртдөг үү?
-Манай байгууллагынхан МУИС-ийн оюутнуудтай хамтран “Улстөрчдийн гарын бэлэг” үзэсгэлэнг 2019 онд зохион байгуулсан. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн сонгогчдод өгдөг бэлэгнүүдийг цуглуулж нийтэд танилцуулсан юм. Нэр дэвшиж буй хүмүүс, улстөрчид иргэдийн саналыг худалдан авах зорилгоор тэдэнд амлалт өгч, материаллаг зүйлс тарааж, уралдаан тэмцээн зохион байгуулан, ямар нэг үйл ажиллагааг нь ивээн тэтгэдэг болохыг “Сонгогчдын санал худалдан авалтын мониторинг” судалгааныхаа үр дүнд бид олж тогтоосон. Энэ нь Монгол дахь ардчиллын хөгжлийг хойш татаж, үнэт зүйлсийг нь сулруулах сөрөг нөлөөтэй. Тиймээс уг хууль бус үйлдэлтэй тэмцэх, саналаа худалдах нь буруу гэдгийг ойлгуулах нөлөөллийн ажлыг явуулж эхэлсэн юм. Манай сонгогчид мөнгийг нь авчихаад саналаа өөр хүнд өгнө гэдэг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдээс ямар нэг зүйл авах сонирхолтой байдаг. Энэ нь ард түмний амьдрал төдийлөн сайнгүй байгааг харуулж, саналаа худалдах нөхцөлийг нь бүрдүүлээд байна.
-Данс, регистрийн дугаарыг нь цуглуулж байна гэж хүмүүс ярих боллоо.
-Тийм ээ. Сонгогчдын хувийн мэдээллийг цуглуулах үйлдэл ажиглагдаж байна. Мөн нэг иргэн олон хүнийг доороо нэгтгэж, мөнгө тарааж эхэллээ. Энэ бүхэн бол хууль бус үйл ажиллагаа. Манайд сонгуулийн болон сонгуулийн бус үед санал худалдан авах хэлбэр их байна. Тодруулбал, дөрвөн жилийн хугацаанд иргэдэд эд зүйл тараахыг “тойргоо услах” гэж ярьдаг шүү дээ. Ийм тохиолдолд цэвэр өрсөлддөг, бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулдаг нэр дэвшигчид ялагдах магадлалтай. Тэгэхээр мөнгөөр “уралдаж”, иргэдийн саналыг худалдан авч, УИХ-д сонгогддог хүмүүс гишүүн болсныхоо дараа энэ бүхэнд зарцуулсан хөрөнгөө дахиад л зүй бус аргаар олж авах магадлалтайг иргэд ухаарах хэрэгтэй.
-Дөрвөн жилийн турш оюутнуудын дунд спортын тэмцээн зохиож, ивээн тэтгэсэн хүн одоо нэр дэвшиж буй. Энэ нь сонгогчдын саналыг худалдан авах хэлбэрт хамаардаг байх нь ээ.
-Хамаарна. Оюутнуудын олонх нь анх удаа саналаа өгч буй сонгогч байдаг. Тэгвэл тэд энэ хүнд саналаа өгч, сонгогдвол бидний тэмцээнийг дахиад ивээн тэтгэнэ гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл, тэр хүн оюутнуудын саналыг авах сууриа бүрдүүлчихсэн гэсэн үг.
-Санал өгөхдөө хэрэгжүүлэх зөвлөгөөг аяны хүрээнд хүргэж байгаа гэсэн. Энэ талаар танилцуулаач.
-Хамгийн эхэнд аймаг, дүүрэгт тань нэр дэвшиж буй хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, ямар бодлого хэрэгжүүлэхийг нь мэдэх ёстой. Тэнд юу хийх талаар тусгасан, мөн алийг нь илүү онцгойлж, иргэдэд санал болгож буйг сайн харж, харьцуулаарай. Дараа нь тухайн нэр дэвшигчийн зүгээс хууль бус үйл ажиллагаа явуулж буй, эсэхийг анзаарах нь зөв. Та бүхний нэр, хаяг, регистр, утасны дугаар зэрэг мэдээллийг авах гэж оролдож, мөнгө тарааж буй бол хууль бус үйлдэл шүү дээ. Тэдний өгсөн 50, 100 мянган төгрөг танд өнөөдөр нэмэр болох ч ирээдүйд асар хортой. Өөрөөр хэлбэл, тэр хүн УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараа танд олдох маш том боломжийг хулгайлна гэж бодож, сонголтоо хийх хэрэгтэй. Мөн саналаа худалдахгүй байхыг бусдад уриалаарай. Хамгийн сүүлд иргэд сонгох эрхээ заавал эдлэх нь зүйтэй. Хэрвээ та саналаа өгөхгүй бол мөнгө тараасан нэр дэвшигчид “худалдагдсан” иргэдээрээ дэмжүүлээд сонгогдох эрсдэлтэй.
-Танил тал, хэн нэгний ятгалгаар тэдний “хүнийг” сонгодог байдал яавал үгүй болох бол?
-Сүүлийн үед сонгогчдын боловсрол олгох чиглэлээр иргэний нийгмийн байгууллагууд, Сонгуулийн ерөнхий хороо идэвхтэй ажиллаж байна. Гэвч улс төрийн боловсрол нь зөвхөн сонгуульд оролцох, саналаа хэрхэн өгөх ойлголтоор хязгаарлагддаггүй. Ардчиллын үнэт зүйл, бид ямар эрх, үүрэгтэй вэ, иргэний хувьд хэр хариуцлагатай байх, бидэнд олдсон үзэл бодлоо илэрхийлэх, хөгжих боломжийг цаашид улам бататгахын тулд юу хийх ёстой вэ зэрэг олон зүйлийг иргэд төдийлөн мэддэггүй. Үүнийг шийдвэрлэхийн тулд улс төрийн боловсрол олгох институт байгуулах шаардлагатай. УИХ-ын гишүүдээс хариуцлага нэхдэг, санхүүжилтийг нь ил болгохыг шаарддаг, нөгөөтээгүүр, хууль бус үйлдлийг нь хянах, арга хэмжээ авах тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна. Гадаадын улс орнуудад ахлах ангийнхан, их, дээд сургуулийн оюутнуудын дунд жишиг сонгууль явуулдаг. Сонгуулийн ач холбогдол, ардчилсан иргэний оролцоо, санал өгөхөд хэдэн минут зарцуулдаг зэргийг ойлгуулах ажлыг өрнүүлдэг. Бид нар ч оюутнуудын дунд жишиг сонгууль зохион байгуулсан нь их үр өгөөжөө өгсөн.
Тодруулбал, СЭЗИС-ийн улс төр судлалын ангийн оюутнуудын төлөөлөл нам бүрдүүлж, гишүүд нь нэр дэвшиж, сонгуулийн сурталчилгаагаа явуулсан бөгөөд сургуулийнхан саналаа өгсөн юм.
-Та улс төрийн намуудын санхүүжилтийн талаар судалдаг юм байна лээ. Намууд санхүүжилтээ хэрхэн шийдэх ёстой вэ?
-Дэлхийн улс орнуудад корпорац, аж ахуйн нэгжүүд намд хандив өгөхийг хориглодог. Төрөөс нь намуудад бага хэмжээний санхүүжилт олгож, аль болох олон иргэнээс хандив авдаг бол нэр дэвшигчдийн хараат бус байх нөхцөл бүрдэнэ. Энэ удаагийн сонгууль мөнгөний “уралдаан” болох нь ойлгомжтой. Олон ухуулагч, штаб ажиллуулж байгаагаас эхлээд л мөнгө ихээр зарцуулж байна. Уг нь хандивын мөнгөө нэр дэвшигч ямар зориулалтаар зарцуулж буйгаа байнга мэдээлэх жишиг гадаадад бий. Гэтэл манайд, УИХ-ын сонгуулийн тухай хуульд санал авах өдрөөс хойш нэр дэвшигч 30, намууд 45 хоногийн дараа тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр тусгасан. Гадаадын иргэд тухайн хүн хандивын тайлангаа ил болгохгүй бол “но”той гэдгийг нь мэддэг. Улс төрийн намууд олон штабтай, тэр бүхнийгээ санхүүжүүлдэг байх бус, бодлогоороо өрсөлддөг байгууллага. Өөрөөр хэлбэл, үнэхээр зөв бодлого хэрэгжүүлнэ гэсэн намд иргэд хандив өгч, түүний гишүүдийг нь дэмжсэнээр УИХ-д олонх болж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг эргэх холбоотой ажиллах ёстой юм.
Бэлтгэсэн: Б.Уянга