Монгол Улсын баялаг бол алт, зэсийн нөөцтэй хэдэн орд, уурхай бус, эрүүл, боловсролтой иргэн нь байх учиртай. Тиймдээ ч бие хүн “бүтээдэг” эрүүл мэнд, боловсролын салбар улсын тулгуур багана, хамгийн чухал, анхаарал хандуулж, байдгаа барих талбар билээ. Хачирхалтай нь, манай улс шинэ нийгмийн тогтолцоонд шилжсэнээс хойш эл хоёр салбарыг зах зээлээс зориуд ангид хөгжүүлж ирсний горыг монголчууд бие махбодоороо амсаж, туулж яваа нь үнэн.
Эрүүл мэндийн салбар нь одоо ч хуучин цагийнх шиг хүнд суртал, авлига, хээл хахуульд идэгдсэн хэвээр. Наад зах нь амаржих дөхсөн эмэгтэй хэн нэгэн эмчид тал засан, тав, арван “цаас” атгуулахгүй л бол энх нярайлах хэцүү нийгэмд бид амьдарч байна. Ар, өврийн “хаалгагүй” л бол эмнэлэгт хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлүүлэх нь ховор. Ямар нэгэн “онцгой” эмчилгээ, үйлчилгээ, даатгалын урамшуулал зэргийг жирийн иргэд хүртдэггүй. “Гоё” нэртэй үндэсний хөтөлбөрүүдийн санхүүжилт нь зорилтот бүлэгт бус, голдуу хувийн хэвшлийнхний халаасыг зузаатгахад чиглэдэг. Даатгалын шимтгэлийн орлогыг өнөөг хүртэл хүртээмжтэй, үр ашигтай зарцуулсан нь энэ гээд хэлчих дорвитой ажил цөөн. Эмч, ажилчдын цалин өнөөгийн хэрэгцээг нь хангадаггүй учраас энэ “уураа” үйлчлүүлэгчдэд гаргаж, ялархаж харилцсаар. Ядарсан нэгнийг түлхэж, задарсан, даварсанд нь толгой бөхөлздөг эрүүл мэндийн салбарын энэ бичигдээгүй тогтолцоо олон ч жил ноёлов.
Боловсролын салбар нь ч дээрдээд байх юм үгүй. Хүүхдүүдээ цэцэрлэгт бүрэн хамруулчихаж чаддаггүй хэрнээ том том төсөл, арга хэмжээ ярьдаг сайд, дарга нар л эл салбарыг удирдаж ирэв. Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургалтын хөтөлбөр, суралцагчдынх нь амжилт, мэдлэгийн түвшин зэрэг нь шинэ зууны эрэлт, хэрэгцээг төдийлөн хангаж чаддаггүйг нийтээрээ шүүмжилдэг ч гарц, гаргалгаа байхгүй. Үндсээр нь “хуулахгүй” л бол өөдлөхөө больсон энэ хоёр салбарыг ирэх дөрвөн жилд төр, засгаас хэрхэн хөгжүүлэх нь хүн бүрт хамаатай сэдэв мөн.
Хэдхэн хоногийн дараа монголчуудад төрд төлөөлөх түшээдээ сонгох хариуцлагатай өдөр тохионо. УИХ-д аль ч нам, эвсэл олонх болсон бай хүн амын тулгамдсан асуудлыг шийдэх нь тэдний үүрэг. Мэдээж үүнийг мөрийн хөтөлбөрөөрөө дамжуулан хэрэгжүүлэх нь гарцаагүй. Тиймээс УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөж буй 27 нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг “шүүрдэж”, эрүүл мэнд, боловсролын салбарын ирэх дөрвөн жилийн “зурхайг” тольдов.
1992 оны УИХ-ын сонгуулиас хойш Монголын төрийг МАН, АН ээлжлэн барьж ирснийх тэдний мөрийн хөтөлбөрийг эхлээд сонжъё гэж бодлоо. МАН-ынхан энэ удаагийн сонгуульд өрсөлдөхдөө 2020-2024 онд таван бүлэг сэдвийн хүрээнд 50 гаруй зорилт дэвшүүлэн, хэрэгжүүлэх амлалт өгөөд буй. Мөрийн хөтөлбөрийнхөө тэргүүнд хүний хөгжлийг тавьж, эрүүл иргэн, чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлжээ. Эрүүл иргэн “бүтээхдээ” энэ салбарт тулгамдсан онцлох 29 асуудлыг гол болгосон байв. Эхнийх нь үндэсний оношилгооны чадавхыг дээшлүүлж, иргэн бүрийг эрүүл мэндийн бүрэн оношилгоонд жил тутам хамруулах тогтолцоо бүрдүүлэх. Тухайлбал, үүнд насны ангилал заагаагүй бөгөөд 2018 оны сүүлчээс манай улс иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж буй тул үүнийг үр дүнтэй үргэлжлүүлэх нь хаана хаанаа ашигтай болов уу. Түүнчлэн иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн сан үүсгэж, бүх шатлалын эмнэлгүүд тухайн үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээний түүхийг дотоодод болон олон улсад цахимаар солилцох боломж бүрдүүлнэ гэнэ. Мөн олон улсын жишигт нийцсэн Эх, нярай, эмэгтэйчүүдийн болон Зүрх, судасны үндэсний төв, Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын төв барихаар хөтөлбөрт тусгажээ. Эдгээр төв ЭХЭМҮТ, Улсын I, I, III төв эмнэлэгт одоо ч бий. Үйл ажиллагааг нь өргөжүүлэн, хэрэгцээт тоног төхөөрөмжөөр ханган, тулгамдсан асуудлыг нь шийдвэл зохилтойг мэргэжлийнхэн хэлнэ лээ.
Хавдар, зүрх, судасны өвчнийг эрт илрүүлэх оношилгоо, шинжилгээний арга, шинэ технологи нэвтрүүлэх, “Эрүүл чийрэг эр хүн”, “Энх бүсгүй” хөтөлбөр хэрэгжүүлж, сумуудын эмнэлгүүдийг халуун, хүйтэн ус, ариун цэврийн байгууламжтай болгох гэнэ. Мөн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах цахим карт олгох, эмчилгээний болон мэс заслын дараах нөхөн сэргээх чиглэлийн төрөлжсөн эмнэлгүүд байгуулах, ерөнхий боловсролын сургуулийг хүүхдүүдийг анхны тусламж үзүүлэх чадавхтай төгсөх зэрэг нь амьдралд ойр, шийдэх чухал асуудал мөн аж.
МАН-ынхан иргэдийнхээ боловсролд юу юу амласныг тоймловол, Монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, үнэт зүйлсээ дээдэлсэн агуулгыг баяжуулсан сургалтын нэгдсэн хөтөлбөрийг өмчийн хэлбэрээс үл хамааран, жигд хэрэгжүүлэх гэнэ. Түүнчлэн боловсролын салбарыг улс төрөөс ангид байлган, бүх шатны сургалтын байгууллагын удирдлагыг мэдлэг, ур чадварт нь тулгуурлан сонгох, хүн ам олноор төвлөрсөн газруудад 273 цэцэрлэг, 200 сургууль барьж, 24 цагаар үйл ажиллагаа явуулдгийнх нь тоог нэмнэ. Хүүхэд харах үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, яслийн үйлчилгээг сэргээн, сурагчдын үдийн хоолны мөнгийг хоёр дахин нэмэхээр хөтөлбөртөө тусгажээ. Багш нарын цалин хангамжийг тухайн үеийн инфляцын түвшинтэй уялдуулан нэмэхээ ч мартаагүй аж.
Тэгвэл АН-ынхан ард иргэддээ өрсөлдөх чадвартай боловсрол олгож, эрүүл мэндийн төгс үйлчилгээ үзүүлэхээ амлав. Эдүгээ дэлхий дахинд өрнөж буй аж үйлдвэрийн хувьсгалтай хөл нийлүүлж, хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжлэх ухааны эриний хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хөрвөх чадвартай, өндөр мэдлэгтэй, мэргэшсэн хүний нөөц бүрдүүлэхдээ бүх шатны боловсролын байгууллагын хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэх замаар хэрэгжүүлэх гэнэ. Түүнчлэн боловсролын салбарын дэлхийд өрсөлдөх чадварыг 20 байраар урагшлуулж, төрийн өмчит их, дээд сургуулиудын менежментийн тогтолцоог өөрчлөх, лаборатори, техник, технологид үндэслэн хөгжүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн хот, хөдөөгийн сурагчдын сурлагын амжилт, чанарыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ. Малчин өрхийн 6-8 настай хүүхдүүдийг гэрээр сургах тогтолцоо бүрдүүлэн, олон улсын шилдэг 100 их, дээд сургуульд 10 000 оюутныг сургах нөхцөлөөр хангана хэмээсэн байв.
Эрүүл мэндийн төгс үйлчилгээ гэдэгт нь хүн амын дундах халдварт болон халдварт бус өвчнийг цөөрүүлэн, эх, нярайн эндэгдлийг бууруулж, иргэдийг эдгээр шалтгаанаар санхүүгийн эрсдэлд оруулахааргүй реформ хийнэ гэснийг энд тэмдэглэе. Түүнчлэн хүний нөөцийн сургалтыг шинэ шатанд гарган, салбарын хэмжээнд технологийн хувьсгал хийж, эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй, авлигагүй, сайн засаглалтай болгон, ажлын гүйцэтгэлээр урамшуулдаг тогтолцоонд хөтлөх аж. Хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулж, оношилгооны чадамжийг Азийн орнуудын түвшинд хүргэх, хөнгөвчлөх эмчилгээний төвүүдийг нийслэл, орон нутагт байгуулах, 1000 сувилагч бодлогоор бэлдэх зэргээр монгол хүний дундаж наслалтыг 75-д хүргэхээр зорьжээ.
ХҮН, Монголын социал демократ болон Зүй ёс намын “Зөв хүн электорат” эвслийнхэн мөрийн хөтөлбөртөө хүндээ хөрөнгө оруулахыг гол болгон, “Сайн боловсрол хөгжлийн үндэс” бүлэг сэдвийн хүрээнд бүх шатны боловсролын чанарыг дээшлүүлэхэд юу юу хийхээ нэгбүрчлэн боловсруулжээ. Тухайлбал, сургуулийн өмнөх боловсролын хуучин тогтолцоог агуулгынх нь хувьд өргөтгөн, хүүхэд бүрийг хамруулах, бага ангийнхны сургалтын хөтөлбөрийг хэт академик байдлаас ангижруулж, сурагчдыг сурлагын ахицаар нь үнэлдэг тогтолцоонд шилжүүлэх гэнэ. Дунд ангийнхны байгалийн ухааны мэдлэгийн түвшнийг дээшлүүлэхэд анхаарч, элсэлтийн ерөнхий шалгалтын чанарыг сайжруулахдаа сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдлыг хангахаа амлав. Мөн багш бэлдэх тогтолцоог шинэчилж, дахин сургах, гадаадад туршлага судлуулах “1000 багш” хөтөлбөр хэрэгжүүлэн, төрийн өмчийн их, дээд сургуулийн засаглалыг сайжруулж, эрх чөлөө “олгоно”.
“Зөв хүн электорат”-ууд эрүүл мэндийн ээлтэй тогтолцоог бүрдүүлэхийн тулд уг салбарт бугшсан авлига, ашиг сонирхлын зөрчлийг эхлээд устган, хувийн хэвшлийнхний оролцоог илүү хангасан эрх зүйн орчин бүрдүүлэх аж. Мөн Вакцин, эмийн хяналтын үндэсний лаборатори байгуулж, эрүүл мэндийн даатгалын бие даасан байдлыг дэмжин, иргэдийг өмчийн хэлбэрээс үл хамаарч, харьяалал харгалзахгүй даатгалаараа үйлчлүүлэх боломжоор хангах гэнэ. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр спорт цогцолбор, биеийн тамирын талбай, цэцэрлэгт хүрээлэн, явган хүний болон дугуйн, гүйлтийн замыг 1000 хүн тутамд нэг байхаар шийдэхээ баримт бичигтээ дурдсан байна.
“Та, бидний эвсэл” (МАХН-ИЗНН-МУНН)-ийнхэн эрүүл мэнд, боловсролын салбарт 20 орчим зорилт дэвшүүлэн, хэрэгжүүлэхээр төлөвлөснийг эцэст нь танилцуулъя. Дээрх нам, эвслүүдийнхтэй давхцаагүй мөрийн хөтөлбөрөөс нь дурдвал, ерөнхий боловсролын суурь мэдлэг олгохдоо шинжлэх ухаанд тулгуурлах, сургуулиудын хоёр ээлжийг халах чиглэлээр бодлого боловсруулах, гадаад хэлийг хүүхэд бүрт тэгш эзэмшүүлэх боломжоор хангах, төрийн өмчийн их, дээд сургуулийн зардлыг улсаас санхүүжүүлэх тогтолцоонд шилжих боломжийг судлах тухай байлаа. Үүнээс гадна шинжлэх ухаан, инновацын хөгжилд зарцуулах санхүүжилтийг ДНБ-ий 2.5 хувьд хүргэж (өдгөө 0.1 хувьтай байдаг), нэмэх аж. Эрүүл мэндийн салбарт ч мөн дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн байна. Тодруулбал, 40-өөс дээш насныхныг хавдрын үзлэгт жил бүр үнэгүй хамруулах, улсын эмнэлгүүдийн тусламж, үйлчилгээг 100 хувь төрөөс санхүүжүүлэх боломжийг судлах, халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд нийтээр нь эрүүл, цэвэр, аюулгүй орчинд амьрах нөхцөл бүрдүүлнэ гэжээ. Хэрэв Монголд эмчлэх боломжгүй өвчний улмаас гадаад явсан бол төлбөрийн тодорхой хувийг төрөөс гаргуулахыг судлах, импортын бүтээгдэхүүний давс, чихрийн агууламжийн стандартыг шинэчилж, өндөр тунтайгаас нь онцгой албан татвар ногдуулна гэх зэргээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байлаа.
УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй намууд зөвхөн эрүүл мэнд, боловсролын чиглэлээр дээрх зүйлсийг амлав. Биеллээ олбол хэрэгтэй нь ч байна. Биелэх бараг боломжгүй “мөрөөдөл” ч цөөнгүйг уншигчид ялгаж салгах биз ээ. Хоёр салбарт хэрэгжүүлж, шийдэхээр төлөвлөсөн эдгээр ажлын зарим нь өмнөх сонгуулиудын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, биелүүлж чадаагүй бол эхэлчихсэн нь ч бийг дурдах нь зүйтэй.