Нэгэн танилын минь гар, хөл нь байсхийгээд л хугарчихдаг байлаа. Эхэндээ жилд 1-2 удаа аль нэг эрхтнээ “шохойдуулдаг” байсан бол сүүлдээ сар болгон шахам гэмтдэг болсон. Ойр дотнынхон нь хүртэл “Уг нь ясны сийрэгжилтээс сэргийлж, кальци, D аминдэм зэргийг хамгийн сайн хэрэглэдэг. Яагаад ингэж амархан гэмтэж, бэртээд байгаа юм бол” гээд шинжилгээ өгтөл D аминдэмийн хордлогод орсныг нь хэлжээ. Тэрбээр уг аминдэмийг эмчийн заавраар бус, өндөр тунгаар, удаан хугацаагаар хэрэглэсэн гэнэ. Үүний уршгаар гар, хөлийнх нь яс резин шиг зөөлрөөд, хайлж байсныг ар гэрийнхэн нь хэлсэн. Энэ талаар яагаад дурдав гэхээр монголчууд одоо болтол эм болон аминдэмийг зөв зохистой хэрэглэж сураагүй. Биед сайн гэж сурталчилсан болгоныг өөртөө болон гэрийнхэндээ “шахдаг”. Эрүүл өсөж, торниж буй хүүхдэдээ хүртэл дархлааг нь дэмжих нэрийдлээр элдэв нэмэлт бүтээгдэхүүн тулгана. Хүний биемахбод ямар төрлийн аминдэм нийлэгжүүлдэг, алийг нь нэмэлтээр уух ёстой зэрэг наад захын ойлголтгүйгээс хордлогод орох, эсвэл хэт дутагдалтай байдаг аж.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн багш, генетикч Ж.Хулан “Ханиад, томуугийн вирусээс хэрхэн хамгаалахыг манайхан ганцхан дархлаа сайжруулахтай холбож ойлгодог. Хүн бүрийн дархлаа янз бүр. Тухайн бие организмд гаднаас халдвар нэвтрэхэд өвөрмөц дархлаа буюу эсрэг бие үүсдэг. Харин халдвар аваагүй байхад дархлаагаа сайжруулахаар нөгөө эсүүд юу “хийх” вэ. Өвчний үед үүссэн өвөрмөц дархлаа нь хүний генээр кодлогддог. Өөрөөр хэлбэл, өвөрмөц ген үүсээгүй байхад дархлааг сайжруулах нь аюултай. Ингэснээр дархлааны эс өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг. Өөрийн эсийн эсрэг өвөрмөц дархлаа үүсвэл тухайн хүн хоёр жил л амьдарна. Дархлаагаар хамаагүй “тоглодоггүй” нь үүнтэй холбоотой. Харин хүнд өвчний үед дархлааны эм, аминдэм хэрэглэдэг. Ханиад, томуу дэгдсэн үед аминдэмээр баялаг хоол, хүнс хэрэглэх нь зөв. Аньс, чацаргана, зуун наст, цагаан гаа зэргийг хэрэглэхэд ч учир бий. Зуун наст дархлаа дэмждэг ч ходоод цочроодог тул шулуун гэдэсний шархтай хүн тохируулж хэрэглэхгүй бол өвчнөө сэдрээж, цус алдах эрсдэлтэй. Элэг муутай хүн цагаан гаа идэх хориотой гэхчлэн хэн юуг, хэзээ, яаж хэрэглэхээс шалтгаална” гэсэн юм.
Аминдэм, эрдэс бодис буюу бичил тэжээл нь хүнд үлэмж ач тустай ч дээр хэлсэнчлэн хэтрүүлсэн хэрэглээ нь дутагдсанаасаа илүү хор болж, олон төрлийн өвчин үүсгэдэг байна. Азаар манайд илүүдэж хордлого болох нь цөөн тохиолддог. Гэсэн ч аминдэмийг нэмэлтээр хэрэглэх бол заавал эмчийн заавраар, шинжилгээнд тулгуурлахыг мэргэжлийнхэн зөвлөсөн. Аминдэмийг химийн нэгдлээр нь авч үзвэл нийлмэл бүтэцтэй, органик нэгдэл аж. Хүний бие махбодод явагддаг тухайлбал, амьсгалах, хоол шингээх, дулаан ялгаруулах зэрэг биохимийн бүхий л үйл явцыг зохицуулах үүрэгтэй. Энэ бүхэнгүйгээр бодисын солилцоо явагдахгүй гэхээр бичил тэжээл ямар чухал болох нь харагдана. Хүний бие В-гийн төрлийн цөөн аминдэмийг нийлэгжүүлдэг бол бусдыг нь хоол, хүнсээрээ дамжуулан авах шаардлагатай. Эрүүл, насанд хүрсэн хүн зөв хооллоход хэрэгцээт эрдэс бодисоо хангалттай нөхдөг байна. Тиймдээ ч ДЭМБ-аас шаардлагатай аминдэмийг зөвхөн хоол, хүнсээрээ нөхөхийг зөвлөдөг.
Харин манайд энэ нь эсрэгээрээ буюу насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй хэрнээ шим тэжээлийн асар их дутагдалтай байгааг “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгаанд онцолжээ. Өөрөөр хэлбэл, XXI зуунд далд өлсгөлөн гэгдээд буй аминдэмийн дутагдалд монголчууд нийтээрээ өртөж, өвчин, эмгэгт өртөмхий болсныг эрүүл мэндийн олон үзүүлэлт батална. Өмнөх дөрвөн судалгааг 1992, 1999, 2004, 2010 онд хийсэн байдаг. Харин V судалгаанд орчин цагийн монголчуудын хооллолт, өрхийн амжиргаа, хүнсний аюулгүй байдал, хүүхэд, эхчүүдийн аминдэмийн дутагдал, тураал зэрэг асуудлыг багтаасан нь хүн амын эрүүл мэндийг сайжруулах бодлого боловсруулахад чухал ач холбогдолтой баримт болжээ. Судалгаагаар хүн амын бүх бүлэг, ялангуяа нялх, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүдийн дунд бичил тэжээлийн дутагдал түгээмэл тархалттай байгааг тогтоосон байна. Аминдэм, эрдэс бодисийн дутагдал нь тав хүртэлх насныхны дунд хамгийн өндөр тархалттай гарсан аж. Тэдний 27 хувь цус багадалттай, 21 хувь төмөр, 70 хувь А, 90 хувь нь D аминдэмийн дутагдалтай нь нийгмийн эрүүл мэндийн шийдвэрлэх асуудлын нэг болсныг судлаачид онцолсон.
Бичил тэжээлийн бодисын байгалийн эх үүсвэр бүс нутгуудад харилцан адилгүй, өрх бүрт хүртээмжтэй бус байгаа учраас ялангуяа бага насныхныг аминдэм, эрдсээр хангах шаардлагатайг албаныхан зөвлөв. Хэдийгээр A аминдэмээр баялаг хүнсний олдоц хангалттай ч 6-59 сартай хүүхдийн дунд энэ төрлийн бичил тэжээлийн дутагдал 9.5 хувьтай буюу ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин давсан үзүүлэлттэй гарчээ. Монголд D аминдэмээр баялаг байгалийн эх үүсвэр ч хомс, нарны туяанаас нөхөх хэмжээний бүсэд манай улс байрладаггүй. Уг аминдэмээр баяжуулсан хүнсний олдоц хангалттай байдаг ч монголчууд хэрэглэдэггүйгээс эл эрдэс бодисын дутагдал хүн амын дунд “хавтгайрчээ”. D аминдэмийн дутагдал нь 200 гаруй төрлийн өвчний эх үүсвэр болдог. Тухайлбал, яс, үе мөчний өвчин, чихрийн шижин, зүрх, судас, элэг, нойр булчирхайн эмгэг болон үргүйдэлд хүртэл хүргэдгийг судалгаагаар нотолжээ.
Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн дэд профессор, судлаач Д.Ганмаа “Эрүүл хооллолтын тухай Харвардад хамгийн энгийнээр хүнсний ногоо, уураг хоёрыг түлхүү хэрэглэ гэж заадаг. Шим тэжээл нь хүнийг эрүүл, зөв амьдрахад нөлөөлдөг учраас маш чухал. Хүн амьсгалдагтай адил өдөр тутамдаа хоол, хүнсээрээ шим тэжээл авах ёстой. Харамсалтай нь монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх, судасны өвчний 72 хувь нь хоол тэжээлийн буруу хэрэглээтэй холбоотой. Манай иргэд нүүрс ус, уураг, магнийн хэрэглээгээрээ дэлхийн хөгжингүй орнуудтай эн зэрэгцэх ч чухал аминдэмүүд нь асар дутагдалтай байдаг” хэмээн илтгэлдээ дурдсаныг энд эшлэе.
Аминдэмийг хэн, хэрхэн хэрэглэх талаарх мэдээллийг одоо хүргэе. Хүүхдийн ходоод жижигхэн, бага иддэг учраас шаардлагатай аминдэмүүдийг хоол, хүнсээрээ авах боломжгүй учраас эцэг, эх, асран хамгаалагч нар энэ төрлийн хэрэгцээг нь хангах үүрэгтэй. Мөн жирэмсэн эхчүүд, төрсний дараа, цэвэршилтийн насны эмэгтэйчүүд зохих аминдэмийг нэмэлтээр уухыг ДЭМБ зөвлөдөг. Ялангуяа цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлттэй холбоотойгоор яс сийрэгжих үйл явц түргэн явагддаг учраас D аминдэмийг тогтмол хэрэглэх заалттай аж. Харин өндөр настнуудад урьдчилан сэргийлэх, эмчилгээний зорилгоор кальцийн бэлдмэлтэй хамт уулгадаг байна.
Хүний нас, хүйс, хэрэгцээнээс хамаараад хоногт авах аминдэмийн хэмжээ нь харилцан адилгүй бөгөөд манайх Эрүүл мэндийн сайдын 2008 онд баталсан зөвлөмж хэмжээг мөрддөгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийнхөн хэлсэн. Аминдэмийг биохимийн шинж чанараар нь тосонд, усанд уусдаг гэж ангилдаг. Тосонд уусдаг аминдэм нь А, D, Е, К бол усанд уусдагт нь B-гийн төрлийн бүх, C, H, фолийн хүчил зэрэг аминдэм багтдаг байна. Дахин сануулахад, аминдэмийн хэрэгцээ шаардлагатай зорилтот бүлгийнхэн бичил тэжээлийг эмчийн заавраар уух ёстой бол энгийн иргэд эрдсээр баялаг, дархлаа дэмждэг хүнсийг тогтмол хэрэглэх хэрэгтэй. Хачирхалтай нь, манайхны хоол, хүнсний сонголтод нь хэрэгцээт аминдэм байхгүйд асуудал оршино. Энэ нь нөгөө талаар аминдэмийн хамгийн баялаг эх сурвалж болсон бүх төрлийн жимс, хүнсний ногоо, үр тариа, сүү, цагаан идээг төдийлөн хэрэглэхгүй, нэг төрлийн хоол их иддэгтэй холбоотойг мэргэжлийнхэн хэлсэн. Уг нь өдөрт хамгийн багадаа 400 грамм жимс, ногоо идэхэд л аминдэмийн хоногийн хэрэгцээгээ хангадаг байна. Тэр дундаа ногоон, хар, улаан, шар буюу тод өнгийн ногоо, жимс, жимсгэнэд бичил тэжээлийн агууламж хамгийн өндөр байдаг тул эдгээрийн хэрэгцээ бидэнд хэдийн үүсжээ.
НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Д.Энхмягмар “Иргэд харьяа өрх, дүүргийн эмнэлэгтээ хандан, шаардлагатай шинжилгээ өгч, ямар аминдэмийн дутагдалтайгаа эхлээд мэдэх хэрэгтэй. Үүний дараа хооллох хэв маягаа өөрчилж, эмчийн заавраар эрдсийн дутагдлаа нөхнө. Усанд уусдаг аминдэмүүд хоорондоо сайн зохицож, шимэгдэлтийг дэмжихээс гадна шээсээр гадагшилдаг тул аюул багатай. Мөн С аминдэм, фолийн хүчил нь төмрийн нийлэгжүүлэлтийг дэмждэг тул зохих эмчилгээнд хэрэглэнэ. Харин D аминдэм бөөрний гаралтай даралт ихсэлтийг тогтворжуулж, зүрхний агших чадварыг сайжруулан, цусан дахь чихрийн хэмжээг бууруулах, сүрьеэ, хавдар, сэтгэл гутрал, амьсгал давчдах зэрэгт өндөр ач холбогдолтой. Гэхдээ аливаа эм, бэлдмэлийг дангаар нь бус тухайн аминдэм, эрдсийг шимэгдүүлэх бүтээгдэхүүнтэй хамт хэрэглэх нь илүү үр дүнтэй. Тухайлбал, хоол, хүнсээс авсан кальци 10-16, фосфорын 60 хувь нь биед үлддэг бол D аминдэмтэй хамт хэрэглэхэд кальцийн шингэц 40, фосфорынх 80 хувь хүртэл нэмэгддэг” гэсэн юм.
Үүнээс гадна кальцийг ясанд зөөвөрлөх үүрэгтэй D аминдэм хүнд илүүдвэл яс хайлж, дотор эрхтэн шохойждог. Харин дутагдал нь яс сийрэгжүүлэн, толгой, цээж, аарцаг, нуруу, хөл, өвдөг, тавхайн хэлбэрийг өөрчилж, тахир, мурий болгодгийг иргэд эрхбиш гадарлах биз ээ. Тэгвэл А аминдэм нь нүдний солонгон бүрхэвчийн нөсөөт хэсгийн бодисын солилцоонд оролцдог. Хүний биед уг эрдэс дутагдахаар хараа муудаж, оройн цагаар юм харахаа болино. Өвчин хүндэрвэл нүдний эвэрлэг бүрхэвч үрэвсэж, цоорон, хараа алдах аюултай гэнэ. Түүнчлэн уг аминдэм нь дархлаа дэмжигч уургийн нийлэгжилтэд оролцдог учраас ханиад, томуу, халдварт өвчний үед түлхүү хэрэглэх заалттай аж. Тэгвэл C аминдэм нь цусны цагаан эсийг үүсгэх замаар дархлаа сайжруулж, элэгний үйл ажиллагааг дэмжин, хордлого тайлах үйлчилгээтэй. Мөн бие махбодын дасан зохицох чадварыг нэмэгдүүлэхээс гадна ходоодны исэл, хамар, хоолойн цочмог үрэвсэл, нян, вирусээс сэргийлдэг байна. Гэхдээ ижил төрлийн найрлагатай жишээ нь, A, D аминдэмийг нэг дор хэрэглэж болохгүйг эмч нар зөвлөсөн.