Олон улсын эрдэмтэд амны хаалт “Ковид-19”-өөс 85, нүүрнийх 75 хувь хамгаална гэдгийг судалгааны үндсэн дээр тогтоожээ. Тэгвэл нүүрний хаалтын давуу тал, хаана, хэзээ зүүхэд тохиромжтой талаар АШУҮИС-ийн багш, дархлаа судлаач, доктор Д.Мандахнаран өчигдөр олон нийтэд зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Амьсгалын замаар дамжих вирусийн халдваруудыг агаар дуслаар болон агаараар дамжих гэж хоёр бүлэгт хуваадаг. Коронавирус агаар дуслаар дамждаг. Вирус амнаас цацарсан шүлсний дуслуудтай хамт гарч, өөр нэг хүний ам, хоолой руу орохыг агаар дуслаар дамжих халдвар хэмээдэг. Агаараар дамжих гэдэг нь агаарт хөвж буй тоос, шороо, нойтон шингэн зүйл дээр удаан хугацаанд амьдрах чадвартай аюултай халдваруудыг хэлдэг. Жишээлбэл, улаанбурхан өвчин агаараар дамждаг. Коронавирусийн тухайд одоогоор агаар дуслаар дамжиж буйг нь нотолсон. Харин агаараар дамждаг, эсэх нь тодорхойгүй, дэлхийн олон оронд судалгаа хийж байгаа” хэмээсэн юм. Нүүрний хаалт нь агаар дуслаар дамжих халдвараас найдвартай хамгаална гэдгийг тэрбээр онцолсон.
Хүн ханиаж, найтаахад шүлсэнд агуулагдах том дуслууд агаарын солбицол сайтай орчинд хоёр метр хол цацагддаг байна. Ингэж цацагдсан дуслуудаас нүүрний хаалт таныг хамгаална. Тиймээс гадаад орчинд зүүх нь тохиромжтой аж. Ялангуяа халуун дулааны улиралд амны хаалт зүүхэд хүндрэлтэй, амьсгалж чадахгүй байгаа хүмүүс нүүрний хаалт хэрэглэх нь зүйтэй гэв. Харин агааргүй орчинд шүлсний жижиг дусланцрууд 30 минутаас нэг цаг орчим хөвөх эрсдэлтэй юм байна. Нүүрний хаалт тэдгээр дусланцраас таныг хамгаалах чадвартай, эсэхийг одоогоор нарийвчлан тодорхойлоогүй аж. Тиймээс дотоод орчинд амны хаалт зүүхийг Д.Мандахнаран доктор зөвлөлөө.
Ташрамд дурдахад, АНУ-ын Айовагийн их сургуулийн судлаачид нүүрний хаалт нь томуу өвчнөөс 90 орчим хувь хамгаалдаг гэж дүгнэжээ. Харин ДЭМБ болон АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийнхөн нүүрний хаалттай холбоотой ямар нэгэн зөвлөмж одоогоор гаргаагүй юм байна.