Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн тархалттай холбоотой ээлжит мэдээлэл хийлээ. Энэ үеэр ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа улс орнуудын тархалтын талаарх мэдээллийг хүргэлээ.
Тэрбээр "Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүүлийн 14 хоногийн туршид дэлхий даяар халдварын тохиолдол өдөр бүр зуу мянгаар нэмэгдэж байгаа тухай онцолжээ. Сүүлийн 14 хоногт бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь Америкийн бүс болон зүүн өмнөд Азийн арав орчим улсад төвлөрч байна. Бээжин хотод халдвар дахин сэргэсэнтэй холбоотойгоор генетикийн нарийн судалгаа хийгдэж байгаа бөгөөд тодорхой дүгнэлт хараахан гараагүй байгаа аж.
Улс орнуудын өвчний тархалтын мэдээлэл :
АНУ–ын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлснээр зургаадугаар сарын 14-ны өдөр тус улсад 21900 гаруй шинэ тохиолдол, 373 нас баралт нэмж бүртгэгдэн, нийт халдвар авсан хүний тоо 2 сая 85 мянга гаруйд хүрснээс , 115 мянга зургаан зуу гаруй хүн нас барсан байна.
Бразил Улсад өнгөрсөн 24 цагийн хугацаанд 20 мянга зургаан зуу гаруй шинэ тохиолдол, 627 нас баралт шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 888 мянга гаруйд хүрч, 43959 хүн нас баржээ. Харин 24 цагийн хугацаанд 23 мянга гаруй хүн нэмж эдгэрсэн байна. Улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 41200 хүрчээ.
Өмнөд Америкийн Перу Улсад халдвар эрчимтэй тархаж байгаа аж. Сүүлийн хэдэн долоо хоногийн туршид өдөрт дунджаар 5000 гаруй хүн халдвар авч байна. Халдварын нийт тоогоор Перу улс дэлхийн хэмжээнд 12-т бичигдэж байна. Тус Улсын нийслэлд халдвар эрчимжиж эмнэлгийн ор болон хангамжийн нөөц хүрэлцэхгүй болсны улмаас Чилл Улсын ерөнхийлөгч зарлиг гарган бүрэн хөл хорио тогтоосон байна.
Япон Улсад зургаадугаар сарын 15- ны өдөр 76 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харин Солонгос Улсад өчигдөр 34 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгдсэн. Мөн тус улсад зургаадугаар сарын нэгнээс зургаадугаар сарын 14- н хүртэл бүртгэгдсэн нийт 618 тохиолдлын 63 нь халдвар хаанаас авсан нь тогтоохгүй байсан гэдгийг тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс мэдээлсэн” гэлээ.