Эрүүл мэндийн яамнаас цар тахалтай холбоотой ээлжит мэдээлэл хүргэж байна. Энэ үеэр ЭМЯ- ны эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар мэдээллээ.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт Австралийн онгоцоор 262, Японоос бол 275, Энэтхэгээс 251 иргэдийг хүлээж авч эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэн тусгайлан ажиглалтад авсан.
Мөн нислэгүүдээр ирэх иргэдэд, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Сөүл-Улаанбаатар чиглэлээр ирэх иргэдийн талаар бидэнд эрхтэн шилжүүлэн суулгасан, түүний донор болсон иргэд, мөн бөөрний зайлшгүй эмчилгээ шаардлагатай иргэд ирнэ гэсэн мэдээлэл өгсөн.
Тусгаарлалтад өнөөдрийн байдлаар 1854 иргэн байна. Үүнд тав хүртэлх насны 55 хүүхэд, жирэмсэн хүн 28, чихрийн шижинтэй 16, хавдартай таван иргэн байна. Мөн хотоос гадна Дорноговь , Өмнөговь, Сэлэнгэ, Увс аймгуудад иргэд тусгаарлалт, ажиглалтад байна. Ажиглалтад байгаа иргэдийн дотор хэвлийгээр нь цочмог өвдсөн, мэдрэлийн эмгэг өвчин сэдэрсэн, шүд өвдсөн, артерийн даралт ихэссэн зэрэг асуудлууд гарсан.
Нийтдээ улсын хэмжээнд тусгаарлан ажиглах 29 байранд 156 эмч эмнэлгийн мэргэжилтнүүд тусламж үйлчилгээг үзүүлж байна. Гэрийн тусгаарлалтад Нийслэлд 709 хүн байгаа. Эдгээр иргэдээс мэдрэлийн эмгэг, цөсний чулуу өвдөхөд тусламжуудыг өрх, сумын эмч нараараа дамжуулан авч байна”гэв.