О.УЛААНЦЭЦЭГ (Баянгол дүүргийн XI хорооны иргэн):
-Хувийн эмнэлэгт хийлгэсэн оношилгоо, шинжилгээний төлбөрийг даатгалаас гаргуулж болох уу?
-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан эрүүл мэндийн байгууллагуудад даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан журам бий. Уг журамд өвчний улмаас буюу эмчийн бичсэн заалтын дагуу зөвхөн улсын эмнэлгүүдэд хийлгэсэн оношилгоо, шинжилгээний төлбөрийг даатгалаас төлөхөөр заасан. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу гэрээ бүхий эмнэлгүүд даатгуулагчийг хэвтүүлэн эмчлэх үед өвчний түүхэнд бичсэн эм, тариа, бусад материалын зардлыг өөрөөс нь гаргуулсан тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон, буцаан олгох үүрэг нь өмчийн хэлбэрээс үл хамаарна. Тиймээс хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ санхүүчид хандан, өргөдөл гарган шийдвэрлүүлэх эрхтэй. Хэрэв иргэн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ авсан бол зардлынх нь 75 хүртэлх хувийг даатгалаас санхүүжүүлж, үлдсэнийг нь өөрөө төлнө.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар