Г.АЛТАНГЭРЭЛ: (Баянгол дүүргийн XIX хорооны иргэн):
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг хэзээ өгөх вэ?
-Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв өчигдрийн байдлаар 820 000 орчим иргэний хувьцааны дансыг баталгаажуулж, ногдол ашгийг нь шилжүүлэхэд бэлэн болгосон. Нийт 2 512 000 орчим хүн ногдол ашиг хүртэх ёстойгоос 30 гаруй хувь нь ийнхүү дансаа нээлгэжээ. Үлдсэн хүмүүсийн мөнгийг и-баримтын урамшуулал, буцаан олголтын болон хүүхдийн мөнгө хүлээн авдаг данс руу нь шилжүүлэхээр Сангийн яам, холбогдох байгууллагууд шийдвэрлэсэн. Ер нь иргэдийн дансыг баталгаажуулж, бэлэн болгосон гэж ойлгож болно. Харин “Эрдэнэс Тавантолгой” компаниас тавдугаар сарын эхний долоо хоногт 60 тэрбум төгрөг шилжүүлснээс илүүг ирүүлээгүй байна. Ногдол ашиг олгоход нийт 200 орчим тэрбум төгрөг зарцуулах бөгөөд ҮЦТХТ-ийн дансанд уг мөнгийг бүрэн байршуулсан тохиолдолд нэгдсэн журмаар иргэдэд олгох үүргийг бид хүлээсэн. Дээрх компани хэзээ мөнгөө шилжүүлэх нь одоогоор тодорхойгүй байна.
Ж.БАЙГАЛМАА (Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал)