Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Өчигдөр нийт 413 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл ажиглах байранд байгаа 16 хүн, тавдугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймагт тусгаарлагдсан 10 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор авсан 3 сорьц /Увс аймгийн нэгдсэн эмнэлэгээс нэг, СХД-ийн өрхийн эмнэлгээс тандалтын сорьцууд авжээ/, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн, Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 22 жолоочоос шинжилгээ авсан. Бүгдээс нь коронавирусийн халдвар илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Ингээд батлагдсан тохиолдол 197. Үүнээс 109 эдгэрсэн. Одоо ХӨСҮТ-д 88 халдвартай иргэн бий үүний 80 нь хөнгөн, найм нь хүндэвтэр байна. Тэдний дунд нэг хүүхэд, гурван жирэмсэн эмэгтэй, нэг чихрийн шижинтэй хүн байна" гэв.