Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад нийт 776 дуудлага, мэдээлэл ирүүлснээс 308 нь нийслэл, 368 нь орон нутагт харьяалагдаж буй аж. Тухайлбал, нэр дэвшигчийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээлэл нийтэд тараасан 108, хуульд зааснаас өөр хэлбэрээр сурталчилгаа явуулсан 228, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан улс төрийн чансаа тогтоох судалгаа явуулсан, мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа мэдээллийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан долоо, бүртгүүлээгүй цахим хаяг, ашигласан дөрөв, бусад 23 хэрэг, зөрчил бүртгэгджээ. Эдгээрээс 17 гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг нээсэн бол гуравт нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Дөрвөн хүнийг 4.3 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, дөрвөн хэргийг хялбаршуулсан горимоор шийдвэрлэсэн байна. Мөн хууль зөрчсөн 71 цахим хуудасны хандалтыг сонгуулийн дүн гарч дуусах хүртэлх хугацаанд хаах, үйл ажиллагааг нь хязгаарлах санал хүргүүлжээ. Өнөөдрийн байдлаар 50 цахим хуудасны хандалтыг хаагаад буй юм байна. Харин сонгуулийн жил эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэх тодотголтой 390 гомдол, мэдээлэл бүртгэгджээ.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Чинбат “Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл Эрүүгийн хуулийн дагуу иргэний сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг нь хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай. Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэлээ. Тагнуулын ерөнхий газарт нийт 43 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 37 нь гэмт хэргийн, тав нь зөрчлийн шинжтэй мэдээлэл байсан аж. Зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүүгийн хэлснээр дийлэнх гомдол, мэдээлэл нь нэр дэвшигчийн нэр хүндэд халдсантай холбоотой гэнэ. Мөн эд зүйлс өгөх, амралтад явуулах байдлаар саналыг нь худалдан авах, оршин суугаа хаягийг нь өөрчлөх гэж оролдсон гэх мэдээлэл цөөнгүй бий аж. Одоогийн байдлаар эд зүйл тараахтай холбоотой дуудлага, мэдээллийн ихэнх нь худал, үндэслэлгүй болох нь тогтоогджээ. Сурталчилгаа эхэлсэн өдрүүдэд үндэслэл бүхий, баримт нотолгоотой гомдол, мэдээлэл ирүүлэхийг дээрх байгууллагуудаас анхааруулсан юм.
Бэлтгэсэн: Б.Уран