Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгуульд нэр дэвшигчидтэй холбоотой хэргүүдийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр захиргааны хэргийн шүүхийн шатанд байгаа хэргүүдийн талаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сонгуулийн маргааныг харьяаллын дагуу захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг. Өнөөдрийн байдлаар нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 10 нэхэмжлэл ирүүлсэн байна. Эдгээрээс гурвыг нь шийдвэрлэж, дөрөвт нь татгалзсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хоёр, хуулийн хугацаанд байгаа нэхэмжлэл нэг бий. Сонгуультай холбоотой маргааныг шийдвэрлэх хугацаа нь 30 хоног байдаг” хэмээн тодотгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд байгаа, Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, СЕХ-нд холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 19-нд зарласан” гэсэн юм. Мөн “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, маргааш хийхээр товлоод байна.
Харин нэр дэвшигчдийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ч.Гэрэлтуяа мэдээлэл өгөв. Тэрбээр “олны анхаарал татсан” хэмээн хэд хэдэн хэргийг онцолсон юм. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурлыг өнөөдөр товлосон байна. Тэрбээр “Ж.Эрдэнэбатад холбогдох хэргийг өнгөрсөн сарын 15-нд шүүхэд ирүүлсэн. Ж.Эрдэнэбат нь шүүхэд хэрэг шилжиж ирсэн өдрөөс хойш өөрийн биеэр ирээгүй, шүүн таслах ажиллагаанд саад учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж шүүхээс үзэн, 10 тэрбум төгрөгийн барьцаа авах, таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Шүүхээс цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан шалтгаан нь шүүгдэгч нарт холбогдох хэрэг удаа дараа зарлагдахад Ж.Эрдэнэбат нь өөрийн биеэр ирэхгүй, шүүх хуралдааныг хойшлуулаад байгаа нь шүүхийг үл хүндэтгэж байна гэж үзсэн. УИХ-ын тухай хуулийн 34.3-т зааснаар “Гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд хэлсэн үг, дэвшүүлсэн санал, өөрийн санаачилсан хууль, УИХ-аар хэлэлцүүлэхээр оруулсан асуудлын төлөө бүрэн эрхийнхээ хугацаанд болон түүний дараа хуулийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж хуульчилсан. Дээрх төрлийн ажиллагаа нь тухайн гишүүний улс төрийн итгэл үнэмшлийг хамгаалснаас бус, тодорхой гэмт хэрэг, зөрчил нь үүнд хамаарахгүй. Хэргээс зайлсхийх шалтгаан болохгүй гэж үзсэн” хэмээж байлаа. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн хуралдаан өнөөдөр болох талаар мэдээлэв.
Чингэлтэй дүүргийн шүүхэд Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг энэ сарын 29-нд хийх тов гарчээ. С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болох байсан ч шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр энэ сарын 18 хүртэл хойшлууллаа. Ингэхдээ шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөв. Шүүгдэгч С.Баярцогтод 10 тэрбум төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ. Мөн шүүгдэгч Д.Ганболд нь сонгуульд нэр дэвшсэн, Хөвсгөл аймагт ажиллаж байгаа, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Н.Цэцэгмаа орон нутагт сонгуулийн ажилтай гэсэн үндэслэлээр тэдэнд холбогдох хуралдааныг энэ сарын 18-нд хийхээр боллоо.
Н.Номтойбаярт холбогдох хэргийн шүүх хурлыг өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу энэ сарын 17 хүртэл хойшлуулсан ч таслан сэргийлэх ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Мөн Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн шүүх хуралдаан гурван удаа хойшилж, маргааш болох товтой буй.
Бас нийслэлийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуйг “60 тэрбум”-ын гэх хэрэгт яллагдагчаар татаж, шүүхээс дөрвөн жилийн ял оноосон билээ. Гэвч анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Улмаар түүнийг суллаж, батлан даалтад гаргасан билээ. Батлан даалтад байхдаа тэрбээр Монголын ногоон намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн ч бүртгээгүй. Сонгуулийн ерөнхий хороонд нэхэмжлэлтэй түүний хүсэлтийг шүүх хүлээн авч, нэр дэвших эрхийг нь сэргээсэн байна.
Үүнээс гадна Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Ундармаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зургаан хавтаст хэргийг шүүх хүлээж авсан бөгөөд хуралдааны тов гараагүй байна.
Бэлтгэсэн: У.Наран