БНХАУ-д коронавирусний хоёр дахь давлагаа үүсэх магадлалтай байгааг тус улсын Өвчин судлалын төвөөс анхааруулж, Бээжин хотын аялал жуулчлалыг зогсоох болжээ.
Энэ талаар ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа мэдээлэхдээ, “БНХАУ-д өчигдөр буюу энэ сарын 13-нд коронавирусний 57 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний 38 нь дотоодын халдвар бөгөөд 36 нь Бээжин хотод байгаа юм. Үлдсэн 2 иргэн нь Янина мужид бүртгэгдсэн хэдий ч Бээжин хотод коронавирусээр халдварласан байжээ. Дээрх халдвар авсан хүмүүс бүгд Бээжингийн Фөнтай дүүрэгт байрладаг “Шиньфади” хүнсний захтай холбоотой байжээ. Тиймээс БНХАУ-аас уг зах болон түүний ойролцоох 11 байрыг хааж, 10 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулах болсон” гэлээ.