Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхий дахинд 7,575,000 хүн өвчилж, 422,000 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 124,000 хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас барлаа.
Коронавирусний халдвар АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад халдвар эрчтэй тархаж байна. Иймээс ДЭМБ-ын ерөнхий захирал халдвар тархаж, байдалд муудсаар байгаа тул анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй хэмээн анхааруулсаар байна. Тувад өвчлөл эрс нэмэгдсэн учир сүүлийн 14 хоногт хөл хорионы хатуу дэглэм тогтоосон. Эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрсэн тул иргэддээ гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгч байна.
Токиогийн онгоцоор өчигдөр ирсэн 261 хүнээс Цэргийн эмнэлэгт 12, бусад хүмүүсийг зочид буудлуудад тусгаарлалаа. Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх байгаа. Долоон хүн шинээр ажиглалтад орж, 137 хүн ажиглалтаад гараад одоогийн байдлаар нийт 1,518 хүн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай дугаарт 142 дуудлага ирсэн. Шуурхай аппликейшнээр гадаадын гурван улсаас гурван иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авч байгаа юм" гэлээ.