УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрог буюу Говь-Алтай аймаг хоёр мандаттай. Улс төрийн дөрвөн нам, гурван эвслээс 10 хүн нэр дэвшиж буй. Тус аймаг хамгийн цөөн буюу арван нэр дэвшигчтэй тойргуудын нэг бөгөөд бие даагч өрсөлдөөгүйгээрээ онцлогтой. Тодруулбал, МАН-аас Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, АН-аас О.Амгаланбаатар, О.Батханд, Хөгжлийн хөтөлбөр намаас Д.Дондовсамбуу, Зон олны намаас Ц.Амарзаяа, “Та, бидний эвсэл”-ээс Б.Оюунбилэг, С.Батбаатар, “Зөв хүн электорат” эвслээс Л.Энхсайхан, “Шинэ” эвслээс Э.Эрдэнэтуяа нар өрсөлдөж байна. Тус тойрог өнгөрсөн сонгуулиар нэг мандаттай байж, одоогийн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд олонхын санал аван УИХ-д сонгогдсон бол АН-ын О.Амгаланбаатар, МАХН-ын А.Бүргэдээ болон Б.Наминчимэд, Г.Нэргүй, Ш.Эрдэнэбат нар өрсөлдөн ялагджээ. 1992-2016 он хүртэл тус аймагт дандаа МАН олонхын санал авч, “улайж” ирсэн аж.
УИХ-ын тавдугаар тойрогт МАН-аас өөр хүнийг нэр дэвшүүлэх таамаг байсан ч ЖДҮХС-гийн асуудалтай холбогдсон гишүүдээ энэ удаад илгээгээгүй гэх. Харин өмнөх сонгуулиар Хан-Уул дүүрэгт нэр дэвшин сонгогдсон Б.Энх-Амгаланг тус аймагт сойжээ. Түүний хувьд Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллах хугацаандаа Говь-Алтай аймгийн төвийг нийслэлтэй холбох хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэн, үргэлжлүүлж буй. Гэвч Улаанбаатар-Дархан-Уулын замыг “хуулж”, засвар, шинэчлэлийн ажил нь олигтой урагшлахгүй байгаад иргэд бухимдалтай хэвээр. Түүний хувьд “Их Монгол Алтай групп”, “Мишээл экспо” зэрэг таван компанийн 10-100 хувийг эзэмшдэг. Харин МАН-аас Ш.Раднаасэдэд таван жил дэмжлэг үзүүлэхгүй гэж мэдэгдэж байсан ч нэрийг нь дэвшүүлжээ. Тэрбээр МХЕГ-ын дарга асан, Говь-Алтай аймгийн уугуул, “Хан Сутай”, “Мон жаст” компанийн 30 орчим хувийг эзэмшигч.
Тэдний өрсөлдөгч О.Амгаланбаатар ч мөн Алтай нутгийнх, аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан хүн. Тухайн үед цэвэр усны сав дээр өөрийн зургаа хэвлүүлж, АТГ-аас сануулга авсан удаатай. Энэ талаараа тэрбээр “Алтай хотын иргэд ундны цэвэр усаа Завхан голоос зөөдөг. Тиймээс ус савлаж, иргэддээ хямд үнээр борлуулсан” гэжээ. Түүнчлэн аймгийнхаа сумдад ургадаг алимны модноос үр ашиг хүртэх “Алим” хөтөлбөрийг санаачилж, хэрэгжүүлэх гэсэн ч УИХ-д сонгогдож чадаагүй, Засгийн газраас уг хөтөлбөрийг дорвитой урагшлуулахгүй байгааг онцолсон юм. Түүний хамт АН-аас нэр дэвшиж буй О.Батханд нь УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, “Монгол медиа групп”-ийн захирал асан. Тэрбээр 123 сая төгрөгөөр үнэлэгдэх машинтай, хоёр банканд зээлтэй хэмээн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурджээ.
Харин “Та, бидний эвсэл”-ээс нэр дэвшигч С.Батбаатар нь ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, “Орчлонгийн бурхад” компанийн захирал бөгөөд МАНАН-гийн эсрэг тэмцэнэ хэмээн өнгөрсөн гуравдугаар сард одоогийн эвсэлд намаа нэгтгэсэн байдаг. Б.Оюунбилэг нь өмгөөлөгч, Говь-Алтай аймгийн уугуул бөгөөд 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд одоогийн тойрогтоо нэр дэвшин “өвдөг шороодсон” билээ. “Шинэ” эвслийн Э.Эрдэнэтуяа нь хурдан удмын 30 адуутай гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурджээ. “Зөв хүн электорат” эвслээс тус тойрогт нэр дэвшигч Л.Энхнасан нь бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй, “Тахько” компанийн гүйцэтгэх захирал аж. Зон олны намын Ц.Амарзаяа 85 хоньтой, Хөгжлийн хөтөлбөр намаас нэр дэвшигч Д.Дондовсамбуу жижиг суудлын нэг машинтай бөгөөд тэдний мэргэжил, намтар зэргийн талаарх мэдээлэл олдсонгүй.
Нэр дэвшигчдээс гадна тус аймаг, орон нутгийг хэрхэн хөгжүүлэх талаар нам, эвслүүд мөрийн хөтөлбөртөө тусгасныг харах нь зүйтэй. МАН-ын тухайд тус аймагт түрээсийн орон сууц барих, түүхий эд боловсруулах төсөл хэрэгжүүлэх, таван сумыг аймгийн төвтэй хатуу хучилттай авто замаар холбох зэргийг тусгажээ. Харин АН Орон нутгийн хөгжлийн санг зөвхөн төсвийн хөрөнгөөр бус, олон эх үүсвэрээс бүрдүүлэх, байгалийн баялгийнх нь 30 хүртэлх хувийг орон нутагт нь хуваарилдаг тогтолцоо бий болгохыг онцолсон байна. “Та, бидний эвсэл” мөрийн хөтөлбөртөө орон нутгийг хэрхэн хөгжүүлэх тухай нарийвчлан тусгаагүй, салбар бүрийг дэмжиж, малчид, өрхийн үйлдвэрлэлийг санхүү, зээлийн шинэ тогтолцоонд шилжүүлэх тухай өгүүлжээ. “Шинэ” эвслийнхэн Говь-Алтай аймгийнхны амьдралыг дээшлүүлэх цогц бодлого хэрэгжүүлж, амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэдэг дэмшилтэт технологи нутагшуулахыг мөрийн хөтөлбөртөө дурдсан аж. Харин Зон олны нам нүүдлийн мал аж ахуй, аялал жуулчлал, байгалийн баялагт түлхүү анхаарч ажиллах тухай онцолсон байна. Түүнчлэн Хөгжлийн хөтөлбөр нам газар тариалан, жимс ногоо боловсруулах Хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн цогцолборыг Говь-Алтай аймагт байгуулах, гэр хороололд нь өрхийн бичил үйлдвэрүүдийг хөгжүүлэх, ховордсон ан амьтныг нь үржүүлэх тухай тусгажээ. “Зөв хүн электорат” эвсэл тэтгэврийн насныхан газар нутгийн байдлаас үл хамааран орлоготой болоход нь дэмжих, Нийгмийн даатгалын сангийн менежментийг сайжруулах, нүүдлийн мал аж ахуйд цахим технологи, эрчим хүчний эх үүсвэр, усан хангамж, түүхий эд боловсруулах бичил үйлдвэр байгуулах зэргийг мөрийн хөтөлбөртөө дурдсан байна.
Энэ удаагийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн тоо түүхэндээ хамгийн олон буюу 151-д хүрсэн билээ. Тэдний дөрөв нь Говь-Алтай аймагт “уралджээ”.