УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд цөөнгүй хонож байна. Дуусахад дахиад бүтэн долоо хоногийн хугацаа үлдэв. Өнгөрсөн өдрүүдэд сонгуулийн сурталчилгаатай холбоотой гүтгэлэг дайралт, гудамжаар хөглөрөх самбарыг нь өрсөлдөгч нь урж тасадсан, цоолсон, санал худалдаж авахыг санаархсан, регистрийн дугаарыг нь авч, мөнгө өгье гэсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага болон тагнуулынханд цөөнгүй иржээ. Хууль сахиулах байгууллагынхан энэ төрлийн мэдээллийг нэгтгэж албан ёсоор дүнгээ гаргаагүй ч нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтсийнхэнд “Сонгуулийн хууль зөрчсөн” гэх гомдол өдөрт хэдэн арваараа орж ирэх болсныг хэлж байна. НХЖХОНАБХА-ны Зөрчил шалгах, мэргэжил, арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбат өчигдөр цахим мэдээллийн хэрэгслээр сонгуулийн хууль зөрчсөн зөрчил, гэмт хэрэгт юуг тооцох болсныг тодорхой тайлбарласан. Тухайлбал, “Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “Сонгуулийн хууль зөрчих” зөрчилд 36 төрлийн зөрчлийг хуульчилсан.
“Сонгуулийн сурталчилгааны байрлуулсан самбарыг минь хулгайлчихлаа. Өрсөлдөгч нарын хийж буй ажил ч байж магадгүй” гэсэн гомдол нийслэлийн дүүргүүдийн болон орон нутгийн цагдаагийн байгууллагад маш олон ирж байгаа гэнэ
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан уг хуульд заасан 22 төрлийн 38 зөрчлийг шалгах, үүнээс Эрүүгийн хэргийн шүүх шийтгэл ногдуулах зургаан төрлийн 13 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахаар хуульчилсан байгаа. Зөрчлийн тухай хуульд сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн мэдэгдэл хийх, сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах журам зөрчих, ухуулах хуудсыг байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож гудамж, талбай, орчныг бохирдуулах, сурталчилгаанд радио, телевиз ашиглах талаар хуулиар тогтоосон журам зөрчих, эрх бүхий байгууллагаас баталсан, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам зөрчих, сонгогч санал авах байрнаас саналын хуудас авч гарах, аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардах, шаардаж авах, ажиглагч хуульд заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл нийтэд тараах, санал авах зорилгоор бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлэх, нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараах зэрэг олон үйлдэл зөрчилд тооцогдоно” хэмээн тайлбарлаад буй.
CОНГУУЛИЙН ҮЕЭР ИЛТ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААСАН ҮНДЭСЛЭЛЭЭР ЖАГСАГЧ Б.ЦЭГМЭДИЙГ ШАЛГАХААР БОЛОВ
Нэг бус удаа жагсаал зохион байгуулсан иргэн Б.Цэгмэдийг тагнуулын байгууллага шалгахаар болжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 14.8-1 дэх хэсэгт заасан “Cонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан” гэх үндэслэлээр шалгуулахаар өргөдөл гаргасныг цагдаагийн байгууллагаас харьяаллын дагуу ТЕГ-т ирүүлсэн хэмээн эх сурвалжууд мэдээлэв. Хуулийн дээрх заалтад “Сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээсэн байдаг. Б.Цэгмэдийг шалгуулах болсон үндэслэл нь өөрийнхөө олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нэгэн нэр дэвшигчийг илт гүтгэсэн мэдээ, мэдээлэл байнга оруулж, ураны зөвшөөрөл олгосноос нь болж гаж хөгжилтэй төл гарах болсон гэж нийтэлж байгаатай холбоотой гэнэ. АМГТГ-аас “2016 оноос хойш ураны ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгоогүй. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ураны нэг ч зөвшөөрөл гадаад, дотоодын ямар нэг аж ахуйн нэгжид өгөөгүй. Уран нь стратегийн ашигт малтмал тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 77 дугаар зарлигийн хоёрдугаар зүйлд “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элемент, газрын тосыг ашиглахтай холбогдсон бодлогын асуудлыг ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлж байхыг Засгийн газарт чиглэл болгосугай”, гуравдугаар зүйлд “Цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийн хайгуул, олборлолтын тусгай зөвшөөрөл олгох, эрх шилжүүлэх, мөн газрын тосны хайгуулын бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж байхыг төрийн холбогдох байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай” гэж зарлиг болгосон байдаг. Тиймээс УУХҮЯ, АМГТГ-аас ураны ямар нэг тусгай зөвшөөрлийг бие даан олгох боломжгүй гэх тайлбар зэргийг хавсарган Б.Цэгмэдийг шалгуулахаар болсон аж.
3.13 дахь заалтад “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ” гэсэн байгаа. Гэтэл хаалга тогшин нялх хүүхэдтэй айлд ороод гэр бүлийн гишүүдийг нь заавал ирж оролц хэмээн тулгах тохиолдол ч гарсан байх юм.
Тагнуулынхан яагаад шалгах болсон бэ гэвэл Эрүүгийн хуулийн 14.5-14.9 дүгээр зүйлд заасан хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1-1 дэх хэсэгт зааснаар дагуу ТЕГ-ын Мөрдөн байцаах газарт шалгах харьяалал тогтоосонтой холбоотой гэнэ. Б.Цэгмэдийн хувьд цагдаагийн байгууллагад нэг бус удаа шалгуулж, улмаар харшил нь хөдөлж бие нь муудсаныгаа цагдаагийнхан эрүүдэн шүүж, хүчээр хорьсноос болсон хэмээн олон нийтийн сүлжээнд цацсаныг хууль сахиулах байгууллагынхан тогтоогоод буй. Тэрбээр Өмнөговь аймагт хууль бусаар жагсаал, цуглаан зохион байгуулсан учраас тус аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан 100 000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэнд өширхөн эрүүдэн шүүсэн хэмээн олон нийтийн сүлжээгээр цацсан нь нарийвчилсан шалгалтаар тогтоогдсон байна.
Бид энэ удаа зөвхөн Б.Цэгмэдийн тохиолдлоор л жишээ татлаа. Сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараасан гэх гомдол ганц үүгээр тогтохгүй. Зөвхөн нэг дүүргийн Цагдаагийн газарт л гэхэд энэ төрлийн 12 гомдол долоо хоногийн дотор ирсэн байгаа юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 14.5-д заасан “Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд, сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан, сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авахыг санаархсан байж болзошгүй гэх нэг бус гомдлыг хууль сахиулах байгууллагынхан шалгаж эхэлсэн сурагтай. Хүмүүсийн гар утас руу залгаж, мөнгө өгнө гэж амлаж буй цөөнгүй мэдээлэл хууль сахиулагчдад ирсний дагуу нарийвчилсан шалгалт хийж эхэлсэн байна.
НЭР ДЭВШИГЧДИЙН САМБАРЫГ ӨРСӨЛДӨГЧ НЬ ХУЛГАЙЛУУЛАХ ДААЛГАВАР ӨГДӨГ ҮҮ
Олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нэгэн нэр дэвшигч “50 самбар хийлгэснээс дөчин хэд болчихсон байх юм. Хүмүүс авдаг, түлдэг л юм шиг байна. Өрсөлдөгчдийн талынхан ч хулгайлдаг гэх мэдээлэл байна” гэсэн утгатай зүйл бичсэн байв. Үүнээс үзэхэд сонгуульд нэр дэвшин өрсөлдөж буй нам, эвсэл, бие даагчдын сонгуулийн штабынхан хэн нь ч байсан амар хялбар аргаар сурталчилгааны самбартай болчихыг санаархдаг гэсэн хардлага төрж буй юм. “Сонгуулийн сурталчилгааны байрлуулсан самбарыг минь хулгайлчихлаа. Өрсөлдөгч нарын хийж буй ажил ч байж магадгүй” гэсэн гомдол нийслэлийн дүүргүүдийн болон орон нутгийн цагдаагийн байгууллагад маш олон ирж байгаа гэнэ. Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 8.8-д заасны дагуу хэрэг нээж шалгаж байгаа юм билээ. Зөвхөн нэг дүүргийн Цагдаагийн газарт гэхэд ийм гомдол сонгуулийн сурталчилгааны эхний долоо хоногт 14 иржээ. Үүнийх нь дагуу цагдаагийн ажилтнууд шалгахад модоор хийснийг нь аваачиж түлсэн, төмөр хүрээтэйг нь аваачаад хашаа, байшингийнхаа нэг хэсэгт ашигласан байсан аж. Ийнхүү зөрчил гаргасан хүмүүс хэн нэгний даалгавар, хатгаасаар сурталчилгааны самбарыг нь авч яваагүй, хэрэглэж болмоор санагдсан учраас ийм алхам хийсэн гэж тайлбарладаг аж. Тиймээс Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтын дагуу иргэнийг 200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож буй бөгөөд түүнийгээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж байгаа гэнэ.
Зарим нэр дэвшигч “Шударгаар өрсөлдөж чадахгүй, сурталчилгааны самбарыг минь урж, цоолж байна” гэсэн гомдол хууль сахиулах байгууллагад гаргаж, өрсөлдөгчдийн маань хийж байгаа ажил хэмээн хардах болсон. Өмнөх сонгуулийн үеэр ч ийм хардлага байсан билээ. Уг нь Сонгуулийн тухай хуулийн 42.8-д “Сонгуулийн сурталчилгааны хугацаанд гудамж, талбайд байрлуулсан сонгуулийн сурталчилгааны зурагт самбар, дэлгэцийг гэмтээх, устгахыг хориглоно” гэж заасан байдаг бөгөөд үүнийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтын дагуу иргэнд хариуцлага тооцох хууль үйлчилж байна. Гэвч энэ заалтын дагуу хариуцлага хүлээх хүн бараг л гарч ирэхгүй байгаа гэнэ. Учир нь тухайн нэр дэвшигчдийн штабынхны хариуцлагагүй, хэнэггүй байдалтай холбоотой аж. Дийлэнх тохиолдол нь салхи шуурга, байгалийн үзэгдлээс шалтгаалж унан, урагдаж цоорчээ. Тухайлбал, нэг нэр дэвшигчийн сурталчилгааны самбар намхан хашлага дээр унаж, цоорсон байсныг хажуугаар нь өнгөрч явсан иргэн босгоод тавьсан аж. Түүнийг нь сонгуулийн штабынхан нь хэн нэгэн цоолсон гэж үзэж гомдол гаргасан тохиолдол ч бий гэнэ. Цөөн хэд нь хүүхдүүдийн тоглоомын талбай, явах замтай нь ойрхон байрлуулснаас болж, багачууд чулуу шидэж цоолсон тохиолдол гарсан байна. Уг нь Сонгуулийн тухай хуулийн 42.9-д “Зурагт самбар, дэлгэцийг байрлуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хориглоно” гэж заасан. Харамсалтай нь энэ заалтыг сонгуулийн штабынхан нь үл ойшоож байршуулснаас хүүхэд гэлтгүй томчууд ч бухимдан эд хөрөнгийг нь устгах зөрчилд холбогдож болзошгүй байгаа. Хуулиа мэддэг зарим иргэн энэ тухай гомдол гарсан бөгөөд нийслэлийн нэг дүүргийн Цагдаагийн газарт сурталчилгааны эхний долоо хоногт есөн гомдол ирсэн гэнэ. Уг нь манайхан гадаадын жишгийг дуурайх их дуртай. Харийн зарим оронд сурталчилгааны самбарыг явган хүний, автомашины хөдөлгөөнд саад учруулан зам дээр байрлуулдаггүй юм билээ. Түүнийг нь амьдралдаа хэрэгжүүлчихвэл сурталчилгааны самбар хулгайлсан, эвдсэн, цоолсон гэх гомдлоос ангижрах боломжтой санагдана.
СУРТАЛЧИЛГААНЫ ХУУДАС ХААЛГА ТОГШИН ӨГЧ БАЙГАА ТУХАЙ ГОМДОЛ ӨДӨР БҮР ИРЖ БАЙНА ГЭВ
Дэлхий нийтийг түгшээсэн цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосон үед УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зохион байгуулж буй. Тиймээс сонгуулийн сурталчилгааны явцад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх журам эрх баригчид батлан мөрдлөг болгохоор тогтсон. Гэвч нэр дэвшигчдийн сурталчилгааны материалыг тарааж буй ухуулагч нар дээрх журмыг зөрчсөн гэх гомдол өдөр бүр цагдаагийн байгууллагад ирж байгаа гэнэ. Эл журмын 3.13 дахь заалтад “Сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах тохиолдолд гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ” гэсэн байгаа. Гэтэл хаалга тогшин нялх хүүхэдтэй айлд ороод гэр бүлийн гишүүдийг нь заавал ирж оролц хэмээн тулгах тохиолдол ч гарсан байх юм. Тэгэхдээ амны хаалтаа зүүгээгүй байсныг нэг танил маань фэйсбүүктээ бичжээ. Нэг дүүргийн Цагдаагийн газарт ийм гомдол дээр дурдсан хугацаанд долоон удаа иржээ. Түүнээс хойш ч өдөр бүр ирж буйг хууль сахиулах байгууллагын эх сурвалжууд хэлж байна. Тэдгээр гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээн шалгаж буй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 5.13-2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалтыг үндэслэн прокурор, шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулах юм байна.
Сонгуулийн сурталчилгаа ид явагдаж буй энэ өдрүүдэд хууль зөрчсөн байж болзошгүй гомдол, мэдээлэл бүрийг цагдаа, тагнуулын байгууллагынхан хүлээн авч шалгаж байгаа бөгөөд дүнгээ нэгтгээгүй байгаа юм билээ. Тиймээс нутаг дэвсгэрийн хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд одоогоор аль нэг нам, эвсэл, бие даагчийн нэр, тойргийг оруулсан мэдээлэл гаргавал хууль зөрчих магадлалтай учраас түүнийг нь дурдаад хэрэггүй гэж зөвлөсний дагуу УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй хүмүүсийн нэрийг оруулсангүй. Зөвхөн нутаг дэвсгэр хариуцсан нэг цагдаагийн байгууллагад сурталчилгаа эхэлсэн долоо хоногт сонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах журам зөрчсөн, намын далбаа, уриа, таних тэмдэг байрлуулахыг хориглосон газарт суурилуулсан, төрийн байгууллагын тээврийн хэрэгслийг сурталчилгаанд ашигласан гэх гомдол тус бүр нэг, 22.00 цагаас хойш чанга яригч ашиглаж сурталчилгаа явуулж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглаж санал асуулга зохион байгуулсан, ухуулах хуудас байршуулахдаа цавуу, цавуулаг эд зүйл ашиглан тогтоож гудамж, талбай, орчныг бохирдуулсан гэсэн гомдол тус бүр хоёр, сурталчилгаа хийх эрхгүй этгээд түүнийг хэрэгжүүлсэн гэх гурван гомдол ирснийг шалгаж байгаа аж.
Тэгэхээр иргэд, нэр дэвшигчид, улс төрийн нам, эвслээс сонгуулийн сурталчилгаа явуулахдаа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн, Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг сайтар судлахгүй бол хуулийн хариуцлага хүлээж, өөртөө ч, дэмжин ажиллаж буй нэр дэвшигчдэдээ ч төвөг, чирэгдэл учруулж болзошгүй байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа