Австралийн Күинслэндийн их сургуулийн эрдэмтдийн тогтоосноор, өдөр бүр хүнсний ногоо түлхүү хэрэглэх нь ураг дутуу төрөх, зулбах эрсдэлийг бууруулдаг аж. Тус багийнхан хүүхэдтэй болохоор төлөвлөсөн 3500 эмэгтэйг судалгаандаа хамруулан, лууван, төмс, хулуу, төрөл бүрийн шош, цэцэгт болон цагаан, бөөрөнхий байцай зэргийг өдөр бүрийн хоолны цэсэндээ оруулахыг зөвлөжээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, хүнсний ногоо нь антиоксидант, үрэвслийн эсрэг нэгдлүүдээр баялаг бөгөөд жирэмсний үеийн сөрөг үр дагаврыг бууруулдаг гэнэ. Тодруулбал, ургийн эд, эсийн хөгжилд чухал үүрэгтэй. Түүнчлэн хүүхэд тээж буй эхийн бие махбодод хамгийн чухал тэжээл бол кальци, төмөр юм. Эдгээр эрдэс бодис хүнсний ногоонд, тэр дундаа төрөл бүрийн байцайнд их хэмжээгээр агуулагддаг гэнэ. Гэхдээ жирэмсний эхний гурван сард хүнсний ногоог тогтмол хэрэглэж болохгүйг судлаачид онцлон тэмдэглэжээ. Учир нь энэ үед ураг бүрэлдэн, эд, эрхтнүүд бий болдог учраас хоол хүнсэндээ онцгой анхаарах ёстой. Олон улсын эмч, мэргэжилтнүүд жирэмсний эхний гурван сард түүхий, дутуу боловсруулсан бүтээгдэхүүнийг хориглохыг, зөвлөсөн байдаг. Учир нь хоолны хордлого болох өндөр эрсдэлтэй.
Бэлтгэсэн:Э.Хана