Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад оролцогчдын томилгооны сонсголыг цахимаар явуулж эхэллээ. Сонсголыг Хүний эрхийн үндэсний комиссын болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, Хууль зүйн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх М.Үнэнбат удирдав. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас нэг сарын хугацаанд сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авсан бөгөөд нийт 24 хүн нэрээ дэвшүүлжээ. Гэхдээ холбогдох хууль, журмын дагуу дараах 19 хүнийг оролцогчоор бүртгэж, сонсголд оролцуулсан юм. Үүнд:
1. Х.Мөнхзул 2. Г.Агар-Эрдэнэ
3. Б.Энхболд 4. Ш.Цогбаатар
5. П.Оюунчимэг 6. З.Өнөржаргал
7. Б.Өнөрмаа 8. М.Гантулга
9. Г.Наранбаатар 10. Т.Ихтамир
11. Б.Баттулга 12. Б.Нармандах
13. С.Энхцэцэг 14. Ж.Хунан
15. Г.Нарантуяа 16. Д.Сүнжид
17. Д.Цэнд-Аюуш 18. С.Энхбаяр
19. Ц.Адъяахишиг
Ажлын хэсгийн ахлагч “Хүний эрхийн үндэсний комисс байгуулагдаад 20 жил болж байна. 2001 оноос хойш Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 илтгэлийн хүрээнд 400 гаруй санал ирсэн. Эдгээрт дурдсанаар хүний эрхийн зөрчлийн талаар холбогдох байгууллагуудад мэдэгддэг ч хэрхэн шийдвэрлэснээ хариу мэдээлдэггүй, эсвэл шийдвэрлэсэн дүр үзүүлж өнгөрдөг, буруутай албан хаагчдыг хаацайлдаг. Үүнийг арилгахын тулд Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Хүний эрхийг хамгаалах гол зохицуулалтуудыг хэрэгжүүлэх үүрэг комиссын гишүүдэд ногдож буй” гээд тэднийг сонгон шалгаруулахын тулд анх удаа сонсгол зохион байгуулж байгааг тэмдэглэлээ.
Ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны хуулийн зөвлөх Б.Санжмятав, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, “Нээлттэй нийгэм форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан нар багтжээ. Сонсгол өнөөдөр өндөрлөх бөгөөд 86 иргэн оролцох хүсэлтээ ирүүлснээс 55-ыг нь бүртгэсэн байна.
Бэлтгэсэн:Б.Уран