Булган аймагт Бат-Эрдэнэ нэртэй хоёр хүн нэр дэвшиж байна. “Угшил” ч нэг аж. МАН-ын нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн амьдай нь өөрөө өөрийгөө сойж байгаа. Бие даагч Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын судалгааны байгууллага болох “Стратеги” академид ажиллаж байсан бөгөөд өдгөө “Олон нийтийн хөгжлийг дэмжих үндэсний төв” ТББ-ын тэргүүн. Тэрбээр Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэстний нийтлэг үнэт зүйлийг хадгалан ажиллахаа амлажээ. Түүнээс гадна саяхныг хүртэл МАН-ын гишүүн байсан нэр дэвшигч бий. ХҮН, МСДН, Зүй ёс намын “Зөв хүн электорат” эвслийн нэр дэвшигч Б.Гүнбилэгийг түүхч, академич Ж.Болдбаатарын хүү гэдгээр нь хүмүүс андахгүй болов уу. Залуу, ирээдүйтэй хуульч гэгддэг тэрбээр М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байхад ахлах зөвлөхийн албан тушаалтай байв. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг “ажилтай байлгадаг” хэдэн хүний нэг гэгдэх нь ч бий. Юутай ч цөөнгүй хуулийн зүйл, заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэж Цэцэд ханддаг Б.Гүнбилэг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг ч “зүгээр байлгадаггүй” нэгэн.
Аймагтайгаа ижил нэртэй нэр дэвшигч тус тойрогт бий. МАХН, ИЗНН, МУНН-ын “Та, бидний эвсэл”- ээс нэр дэвшиж буй Ш.Булган эмч мэргэжилтэй. Эх барих, эмэгтэйчүүд, тэр дундаа үргүйдлийг эмчлэх чиглэлээр дагнан ажилладаг тэрбээр “Бундан зүрх” хэмээх эмнэлэгтэй. Түүний багийн нэр дэвшигч Б.Санчир нь хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрийнхөө орлогыг хоёр сая төгрөг гэснээс өөрийг дурдаагүй аж. Түүнчлэн Зон олны намын нэр дэвшигч А.Манлайбаатар, ШИНЭН, БНН, Үнэн ба зөв нам, МҮАН-ын “Шинэ” эвслээс өрсөлдөж буй Г.Батбаярын талаарх мэдээлэл олдсонгүй. Харин тус эвслээс нэр дэвшигч Ц.Мэндээ нь Улаанбаатарт төрж, Хөвсгөлд голдуу ажиллаж, өдгөө Булганд өрсөлдөж буй нэгэн. Геологич мэргэжилтэй тэрбээр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох, Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байжээ.
Хоёр хүнийг УИХ-ын гишүүнээр сонгох тус тойрогт эрх баригч намаас Ц.Анандбазарыг нэр дэвшүүлсэн. “Сод Монгол”-ын гэгддэг эл бизнесмен 2012 онд тус намаас Дорноговь аймагт нэр дэвшихээр болоод байсан ч АТГ-аас түүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилж байв. Нефть импортлон хөлжсөн тэрбээр энэ удаа сонгуулийн кампанит ажлаа амжилттай эхлүүлээд буй бөгөөд 2.7 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан нь анхаарал татсан юм.
АН-аас Булган аймаг дахь намын хорооны дэд дарга С.Гал-Эрдэнэ, Ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөх асан Д.Өсөхбаяр нар нэр дэвшиж буй. Д.Өсөхбаяр нь Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан, тамирчин бөгөөд хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдсан орон сууц, барилга байгууламжийн нийт үнэлгээ нь 2.5 тэрбум төгрөгт хүрчээ.
УИХ-ын энэ удаагийн сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Булган аймагт 14 хүн өрсөлдөж буйгаас дөрөв нь бие даан нэр дэвшсэн. Бие даагч Б.Сүхбаатар, Г.Соёл-Эрдэнэ, Г.Ганчимэг нарын талаарх мэдээлэл ч хомс аж. Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ нэр дэвшигч Б.Сүхбаатар өөрийн орлого 217, хадгаламж болон харилцах дансандаа 160 сая төгрөгтэй хэмээн дурдсан бол Г.Ганчимэг нь “Сэтгэлийн цацал” хэмээх компанийн эзэн юм байна.