Монголчууд 13 хоногийн дараа өөрсдийн амьдралд ихээхэн хамаатай нэгэн шийдвэртэй нүүр тулна. Энэ бол ард түмний амьдралыг дээшлүүлэхэд нөлөөлөх хууль батлах, шийдвэр гаргах, ёс зүйтэй, хариуцлагатай УИХ-ын гишүүдийг сонгож чадах, эсэх асуудал юм. 2020 оны УИХ-ын сонгуульд 606 хүн сонгогдох эрхээ эдлэн нэр дэвшиж буй. Харин сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2 132 239 иргэн, тэр дундаа саналаа өгдөггүй гэх 18-25 насны залуус сонгох эрхээ хэрхэн эдлэх бол. Тэд өөрсдийн төлөөллөө сонгох нь үнэ цэнтэй бөгөөд эрхэм чухал эрх гэдгийг ухаарч байгаа болов уу.
Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлд зааснаар УИХ нь төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, зарим байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг тогтоох, өөрчлөх, төрийн санхүү, зээл, албан татвар, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох зэрэг 20 гаруй үүрэгтэй.
Жишээ дурдахад, коронавирусийн халдварын үед бизнес эрхлэгчдийг дэмжиж, иргэдийн зээлийн төлөх хугацааг түр хойшлуулан, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай тусгасан хоёр хууль баталсан. Энэ нь бидний амьдралд ямар их нэмэр болж буйг хэлүүлэлтгүй мэдэх биз.
Тэгвэл ийм хариуцлагатай цаг үед хэнийг ч сонгосон хамаагүй гэж хандах, 20 мянган төгрөг, хоёр шуудай гурилаар сонгох эрхээ үнэлэхгүйн тулд яах ёстой вэ. Байрны лизингээ чадан ядан төлж, эмнэлгийнхээ үүдэнд урт дараалал үүсгэн, татвартаа дарлуулж буй ийм амьдралд та “сэлсээр” л байх уу.
Тиймээс нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцан, улс оронд хэрэгтэй, ямар бодлого хэрэгжүүлэх гэж буйд дүн шинжилгээ хийж, хариуцлагатайгаар саналаа өгөх үүрэг сонгох эрхийн цаана агуулагддагийг ухамсарлах нь зүйн хэрэг.
Биднийг дэмжих бодлого улстөрчид хэрэгжүүлдэггүй учраас сонгуульд саналаа өгдөггүй гэж залуус шалтаг хэлдэг. Тэгвэл Сонгогчдын боловсрол олгох төвийн захирал, судлаач С.Оюунтуяа “Энэ удаа залуус идэвхтэй оролцож, сонгуулийн дүнд нөлөөлөх “хүч” гэдгээ харуулах хэрэгтэй. Ингэхдээ нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцаж, залуусыг дэмжих талаар юу тусгасныг анхаарах нь зөв. Тухайн хүн УИХ-д сонгогдвол тэр бодлогоо хэрэгжүүлэхийг шаардах боломж бүрдэнэ. Ингэж улстөрчид, залуусын хоорондох эргэх холбоо сайжирна” гэсэн юм. 2016 оны УИХ-ын сонгуульд 18-25 насны залуусын ирц 44.6 хувьтай байжээ. Тэд сонгуульдаа идэвхтэй оролцвол өөрсдөдөө тулгамдаж буй асуудал, тодруулбал, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болох, тэтгэлэгт хамрагдах боломжийг нь нэмэгдүүлэх, сурах орчныг нь сайжруулах зэргийг төрийн бодлогод тусгуулах оролдлого хийж болох юм.
Бидэнтэй адил ардчилсан дэглэмтэй, сонгох, сонгогдох эрх эдэлдэг орнуудын залуус улстөрчидтэйгөө эргэх холбоотой ажиллаж, хөгжих боломжоор хангуулснаар сонгуулийн идэвх нь өссөөр иржээ. Тухайлбал, 2017 онд ХБНГУ-ын Бундестаг буюу парламентын сонгуульд 18-25 насныхан 68.9 хувийн ирцтэй оролцсон аж. Австралийн Холбооны Улсын өнгөрсөн жилийн парламентын сонгуульд уг насныхны 88.8 хувь нь саналаа өгсөн байна. Энэ нь өмнөхөөсөө таван хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Тиймээс нэг тойрогт дээд тал нь 38 нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, танилцуулгыг яаж унших юм бэ гэж залхууралгүй, сонголтдоо бүтээлч хандахыг та бүхэнд уриалж байна. Энэ талаар залуус ямар үзэл бодолтой явааг тодрууллаа.
Т.АЗБИЛЭГ (IRIM судалгааны хүрээлэнгийн төсөл хөгжүүлэлт хариуцсан судлаач):
Бид хариуцлагагүйнхээ шанг хүртэж байгаа
БНХАУ-д 1989 онд болсон, Тянь Ань Миний бослогын тухай сурвалжилгыг би хэдэн жилийн өмнө үзэж байлаа. Тэр үед Монгол оронд өрнөсөн хувьсгалын үеэс эхлээд өнөөдөр иргэд фэйсбүүк ашиглах хүртэлх цаг хугацааг эргэцүүлсэн юм. Сонгох эрхийн төлөө хүмүүс хэрхэн тэмцдэгийг харж, бид ухамсартай байх ёстойг ойлгосон. Улстөрчдийг залуучуудад сөрөг имижтэй харагддаг гэсэн судалгаа байдаг. Энэ нь ч залуучууд улс төрийг сонирхохгүй, сонгуульд саналаа өгөхгүй байгаад нөлөөлсөн байх. Гэвч өдий хүртэл сонгогчдын боловсролыг дээшлүүлэхэд огт анхаарсангүй. Залуучууд сонгуульд саналаа өгөхгүй байвал улстөрчид, нэр дэвшигчид биднийг дэмжсэн мөрийн хөтөлбөр боловсруулахгүй байх магадлалтай. Тиймээс залуус бид саналаа өгөх хэрэгтэй. Ингэвэл сонгуулийн дүн дэх бидний нөлөө нэмэгдэх боломжтой. Мөн амлалтыг нь асуудаг, биелүүлэхийг шаарддаг болчихвол нэр дэвшигчид хариуцлагатай байх юм. Би 2016, 2017 оны сонгуульд ажиглагчаар оролцсон. Тэр үед анх удаа санал өгсөн юм. Нэр дэвшигчдийн нэрийг нь харж байгаад сонгочихсон. Харин одоо нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй нь тухтай танилцаж, үгийг нь сонсож, асууж, тодруулж байгаа. Бид улс төрийг амьдралаасаа салгаж ойлгодог. Тиймээс л нийтийн тээврийн үйлчилгээ муу, банкны хүү нь өндөр байгааг улстөрчдийн буруу гэдэг. Гэтэл тэднийг өөрсдөө сонгосон шүү дээ. Муугаар хэлбэл, бид хариуцлагагүйнхээ шанг хүртэж байгаа. УИХ-д олон жил сонгогдсон, хариуцлагагүй хүмүүсээс салах хэрэгтэй гэж ярьдаг бол түүнийг шийдэх эрх нь бидний гарт бий.
Хэрэв бид Австралийн иргэн байсан бол сонгуульд саналаа зайлшгүй өгөх үүрэгтэй. Яагаад гэвэл тус улсын иргэд саналаа өгөөгүй бол торгууль төлдөг. “Улс төрд оролцдоггүй ухаантнууд өөрөөсөө дор тэнэгүүдээр удирдуулж шийтгэлээ амсдаг” хэмээх Платоны үг бий. Энэ удаад чадварлаг хүмүүс нэр дэвшиж, залуус ч өрсөлдөж байгаад баярласан. Үеийнхэндээ хандаж хэлэхэд дөрвөн жилд ганц олдох боломжоо алдахгүй байхыг хүсье.
М.ДӨЛГӨӨНБАЯР (“Ренью” компа-нийн үүсгэн байгуулагч):
Нэр дэвшиж буй хүмүүсийг гайхах бус, сонголтдоо анхаарах хэрэгтэй
Ардчилсан засаглалын тулгуур үнэт зүйлсийн нэг нь сонгох, сонгогдох эрх. УИХ-ын гишүүд иргэдийн саналаар сонгогдож, хуулийн хүрээнд бүрэн эрх нь хэрэгждэг. Үүнийг иргэдийн сонголт шийднэ. Залуусын үзэж байгаа контентуудын дэргэд улс төр бол уйтгартай сэдэв. Тиймээс энэ салбарыг сонирхдоггүй залуусын тоо нэмэгдсэн байх. Иргэд төлөөллөөрөө дамжуулж төрийн оролцоогоо хангадаг. Тиймээс үүргээ биелүүлж, төлөөллөө сонгох боломжоо битгий алдаасай гэж хүсэж байна. Дараа нь өөрсдийн сонгосон УИХ-ын гишүүний ажилд хэрхэн хяналт тавихаа мэддэг, чаддаг байх хэрэгтэй. Яаж хянахыг би ч сайн мэдэхгүй. Гэхдээ сул дорой, идэвхгүй иргэн байж болохгүй. УИХ-ын гишүүн гурван шалгуур хангасан байх ёстой гэж боддог. Нэгдүгээрт, Монгол Улсын бүх иргэний төлөөлөл болж, ард түмний өмнө тулгарч буй асуудлыг мэддэг, ойлгодог, шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, УИХ-ын чиг үүрэг бол хууль тогтоох юм. Тиймээс аль ч салбарын хууль, журмыг хэлэлцэн, батлалцах хангалттай боловсролтой байх. Гуравдугаарт, ёс зүйтэй, нийтийн эрх ашгийг хувийнхаасаа дээгүүрт тавьдаг байх нь чухал. Миний хувьд эдгээр шалгуурыг тавьж, хэнд саналаа өгөхийг шийднэ. Би гарааны бизнес эрхэлдэг. Гэтэл олон жил ажилласан, туршлагатай, өрсөлдөгч, том компаниудтай адил хэмжээний татвар төлдөг нь бидэнд хүндрэл учруулж байна. Тиймээс гарааны бизнесүүдэд чиглэсэн уян хатан бодлого хэрэгжүүлэхийг хүсдэг. Энэ мэт өөрт нь тулгарч буй асуудлыг мөрийн хөтөлбөртөө хэрхэн тусгасан талаас нь хандаж, залуус сонголтоо хийгээсэй. Хуульд зааснаар иргэд сонгогдох ч эрхтэй. Тиймээс нэр дэвшиж байгаа хүмүүсийг гайхах хэрэггүй. Харин бидний гайхаж буй хүмүүс УИХ-ын гишүүн болбол сонин үзэгдэл. Шинэ хүчин, чадварлаг залуус сонгогдвол улс минь хөгжиж, бид сайхан амьдарна гэсэн итгэл төрнө. Гэхдээ залуу үеийнхэн сонгогдвол өөрчлөлт авчирна гэдэг нь одоохондоо найдвар төдий.
Б.ХАДБААТАР (Жүжигчин):
“Бар” улс болгон хөгжүүлэхгүй юм аа гэхэд хэрэгтэй бодлого хэрэгжүүлээсэй
Та, бидний ирээдүй, амьдралд ихээхэн нөлөөтэй учраас сонгох эрхээ эдлэх нь маш чухал. Улс төрд буй, шүүмжлээд байгаа хүмүүсээ бид өөрсдөө л сонгодог. Хувь хүний хөгжил, боловсрол, ёс зүй, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь судлахгүйгээр “гэнэн” сонголт хийдэг шүү дээ. Эсвэл санал өгөх ёстой учраас хэний ч нэрийг хамаагүй дугуйлж ирсэн. УИХ-ын гишүүн нь улс орон, аж ахуйн нэгж, хувь хүнд чиглэсэн, түүнийг дэмжих, хөгжүүлэх бодлого боловсруулдаг. Өөрөөр хэлбэл, та өөрийн чадвараар ажилд орох гэтэл авлига өгч, хэн нэгэн таны боломжийг булаадаг. Тэгвэл энэ мэт асуудлын гол зангилаа болох хууль, журмыг баталдаг байгууллага нь УИХ.
Эх орноо дэлхийн “бар” улс болгон хөгжүүлэхгүй юм аа гэхэд ядахдаа хэрэгтэй ажил, зөв зүйлийг санаачилдаг байгаасай гэж УИХ-ын гишүүдээс хүсдэг. Тэгвэл тэднийг сонгох эрх бидэнд одоо ирж байна.
18-25 насныхан саналаа өгөхгүй мөртлөө өөрсдийгөө дэмжүүлэх бодлого дутууг шүүмжилдэг. Тиймээс залуусыг дэмжсэн хөтөлбөр хэрэгжүүлж, хууль, журмыг нь батлуулахын тулд сонголтоо зөв хийгээрэй. Ингэхийн тулд танай дүүрэг, аймагт нэр дэвшиж буй бүх хүнийг цаг гаргаад судлах нь зөв. УИХ-ын гишүүн гэхээрээ л муу нэртэй, төсвийн мөнгөнөөс “иднэ” гэсэн бодолтой байж болохгүй. Бид судалж, сонголтоо зөв хийж чадвал сайн хүнээр өөрсдийгөө төлөөлүүлэх боломжтой шүү дээ.
Г.БАТ-ОРГИЛ (“Монре” компанийн дата аналист):
Хийгээгүй зүйлээ ч ярьдаг учир түүнд дүн шинжилгээ хийх нь зөв
Иргэд, тэр дундаа залуус сонгох эрхээ эдлэх нь маш чухал. Нийгмийн сүлжээгээр сонгогчдын боловсролыг дээшлүүлэх арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй. Төрөл бүрийн аян, давлагаа өрнүүлдэг шиг сонгох эрх, хариуцлагатай иргэний тухай боловсрол олгох контент бүтээн, түгээвэл сайн. Мөн санал өгөхгүй байх нь ямар сөрөг үр дагаварт хүргэдгийг ухааруулах видео бүтээвэл үр дүнтэй. Бодит амьдралыг ойлгож, иргэдэд хэрэгтэй хууль батлуулж байхыг илүүд үзэн, ёс зүйтэй байх нь УИХ-ын гишүүнд тавигдах шаардлага. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх бодлого, өнгөрсөн хугацаанд юу хийсэнтэй нь бүтээлчээр танилцвал бид сайн хүнийг сонгож чадна. Бүтээлч гэдэг нь хийсэн, хийгээгүй зүйлээ ярьж, танилцуулдаг учир түүнд нь дүн шинжилгээ хийж, үнэнийг мэдэх хандлагыг хэлнэ. Би өмнөх сонгуулиар нэр дэвшигчдийг судлаагүй, зөв гэж бодсон хүндээ л санал өгсөн. Харин одоо нэр дэвшигчдийг сайн судалж байгаа. Өнөөдөр есөн төрлийн татвар нэмсэн нь иргэдэд их дарамт болж байна. Тиймээс бид зөв бодлого хэрэгжүүлдэг хүмүүсийг сонгохгүй бол хүсээгүй амьдралд хөл тавих нь. Энэ удаагийн сонгуульд мэдлэг, боловсролтой хүмүүс ихээр нэр дэвшиж буйд баяртай байгаа.