Бидний идэж, ууж буй зүйлс эрүүл мэндийг тодорхойлдог. Тэгвэл өвдөх зовиур, өвчин шаналалгүй амьдрахад хамгийн их нөлөөлдөг зүйлсийн нэг нь өлөн элгэн дээрээ идэж, хэрэглэж болох, болохгүй зүйлсээ ялгаж чаддаг байхтай ч холбоотой. Өглөө сэрмэгцээ буюу ходоод хоосон байх үедээ шууд идэж, хэрэглэж болохгүй зүйлсийг танилцуулья.
Аспирин, парацетамол болон үрэвслийн эсрэг бүх эмийг өлөн элгэн дээрээ ууж болохгүй. Энэ нь ходоодыг цочроохоос гадна ходоодны шархлаатай хүнийг ходоодны цус алдалтанд ч хүргэж магадгүй эрсдэлтэй алхам гэдгийг мэргэжлийн эмч зөвлөдөг. Нөгөө талаар өлөн элгэн дээрээ уусан эмний үйлчилгээ 10-15 хувиар бага байдаг гэсэн судалгаа ч бий.
Хэрэв үрэвслийн эсрэг эм уух зайлшгүй тохиолдол гарвал ганц аяга сүү ууж болно. Энэ нь ходоод цочрохоос сэргийлдэг энгийн арга юм.
Каффейнгүй кофе байлаа ч өлөн элгэн дээрээ уусан бол хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчтэй болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Мөн ходоодны хүчил ихсэх нэг хүчин зүйл болдог байна. Өглөөний цайндаа дан хар кофе болон каффейны агууламж өндөртэй зүйл хэрэглэх нь тухайн өдрийн үлдсэн хэсэгт серотонины дутагдалтай байх, улмаар сэтгэл гутралтайгаар өнгөрүүлэх шалтгаан болдог гэнэ. Тиймээс өглөөг хар кофегоор эхлүүлдэг буруу зуршлаа засаж цэвэр ус, сүү ууж хэвшээрэй. Бас нэг анхаарах зүйл нь инстант буюу найруулдаг кофе өлөн дээрээ уух нь чанасан хар кофе уухаас ч муу гэдгийг санаарай.
Өлөн элгэн дээрээ согтууруулах ундаа хэрэглэхэд шингээлт нь 2 хувиар нэмэгддэг. Энэ нь хоол идсэний дараа ууснаасаа 2 хувиар илүү согтдог гэсэн үг юм. Яг л судсаараа алкохол тарьж буйтай ижил маш, бүр дэндүү буруу зүйл. Улмаар архи, согтууруулах ундааныы задрал удаашралтай болж согтуу байдалтай удаан байх, шарталт илүү хүндэрдэг гэдгийг эрдэмтэд анхааруулжээ. Энэ аймшигт зуршил элэг, зүрх, бөөр гэсэн цуллаг эрхтний ажиллагаанд сөрөг нөлөөтэй. Тиймээс өлөн элгэн дээрээ, хоосон ходоодондоо алкохол бүү “хий”.
Өглөө сэрмэгцээ л бохь зажилдаг хүний хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа хурдан мууддаг. Ходоодны хүчиллэг нь бохь зажилах үед яг л хооллож буйтай ижил хэмжээгээр ялгардаг гэнэ. Ходоодонд орсон хүнсийг задлах үүрэгтэй хүчиллэг нь хуурмаг зажлалтаас болж ялгарснаас гэдэсний үрэвсэлт өвчин гастрит үүсэх шалтгаан болдог байна. Үүгээр ч зогсохгүй байнга бохь зажилж явдаг хүмүүс жимс, хүнсний ногоо гэсэн эрүүл хүнсийг бус шарсан төмс, чихэрлэг зүйлсийг илүүтэй сонгодог гэдгийг сэтгэл зүйчид нотложээ.
Тиймээс найрлагад нь сахар, цикламат, аспартами орсон бус ксилитол, сорбитол бүхий бохь сонгоорой. Мэдээж 10-аас дээш минутаар бохь зажлах нь ходоодонд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй шүлс хэт их ялгарах, эрүүний булчин чангарах зэрэг зовиур үүсгэдэг гэдгийг санаарай.
Ходоод хоосон байх нь унтахад ч сөргөөр нөлөөлдөг гэнэ. Хоосон ходоодтой хүн гүн, тайван нойрсож чадахгүй байхын зэрэгцээ хэтэрхий эрт сэрэх нь бий. Хамгийн сонирхолтой нь нойрны хомсдол өлсгөлөн дааврын түвшинг ч нэмэгдүүлдэг гэдгийг эрдэмтдийн хийсэн олон туршилт баталжээ. Энэ нь эргээд оройн хоол бага идвэл өглөөний цай, өдрийн хоолоо хэтрүүлдгийн гол шалтгаан болдог байна. Иймээс эрүүл байхын нэг үндэс сайн нойр авахыг хүсвэл сүүн бүтээгдэхүүн, магни, кальци агуулсан бүтээгдэхүүнийг унтахын өмнө идэж хэвшээрэй. Сүүн бүтээгдэхүүнд агуулагддаг элементүүд нь гүн нойрсож, бөх унтахад тусладаг гэнэ. Зөгийн балтай бүлээн сүү, нэг аяга тараг уугаад унтах нь ходоодонд хэт их ачаалал өгөхгүй, таргалалт үүсгэхгүй, мөн сайхан унтахад ч тусгай гэдгийг санаж яваарай.
Шөнө хичнээн сайхан амарч, өглөө болжмор шиг цовоо сэргэлэн сэрсэн ч тэр даруйдаа дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийхийг зөвлөх байна. Дасгал хөдөлгөөн биеийн илчлэг шатаадаг учир хоосон ходоодыг ачааллуулдаг буруу зүйлсийг нэг болдог. Мөн өглөө эртийн дасгал жин хасахад тусладаг биш харин булчингаа алдахад хүргэдэг. Тиймээс өглөөд хөнгөхөн цайлсны дараа дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн зохистой зүйл юм. Мэдээж дасгал хийхийн өмнө 10 минут гүйх, алхах, аэробик зэргээр биеэ халааж хэвшээрэй.
Өлсгөлөн үедээ дэлгүүр орох нь сэтгэл хөдлөлөөр хэтэрхий их зүйл худалдан авахад хүргэдэг гэсэн сэтгэлзүйн дүгнэлт гараад удаж буй. Хоосон ходоод зөвхөн хүнсний тасагт ч биш хувцас, эдлэлийн тасагт ч биднийг ховсддог гэнэ. Тиймээс өлссөн үедээ дэлгүүр хэсэх шаардлага гарвал худалдаж авах шаардлагатай зүйлсийнхээ жагсаалтыг бичин авч яваарай. Энэ нь хий дэмий мөнгө үрэхээс сэргийлж, ухаалаг худалдан авалт хийхэд туслах болно.
Цитрусын төрлийн жимсний шүүс өлөн элгэн дээрээ уух нь цээж хорсох зовиураас эхлээд ходоодны хорт хавдар үүсэхэд ч нөлөөлдөг. Мэдээж ходоодны үрэвсэл, шархлаатай хүмүүст өлөн элгэн дээрээ уухыг хориглох зүйлсийн жагсаалтанд цитрусын төрлийн жимсний шүүс орно.
Нимбэг, жүржийн шүүсгүйгээр өглөөг эхлүүлж чаддаггүй зуршилтай бол 1:1 юмуу 2:1 харьцаатайгаар усаар шингэж уувал ходоодоо цочроохгүй байж чадна.
Өлсгөлөн байх нь хүмүүсийн ажиллах эрч хүчийг бууруулж, идэвхтэй байдал, анхаарлыг сулруулдаг. Учир нь өөрийгөө хянах процесс ходоод хоосон үед идэвхгүй болдог гэнэ. Хүний биеийг хөдөлгөгч эрчим хүч хоол, хүнсээр нөхөгддөг учир чухал хурал, уулзалтанд хоосон ходоодтой орохоос аргагүй үед ядаж нэг аяга халуун, эсвэл бүлээн цай уухыг зөвлөх байна.