2020 он гарснаас хойш ХДХВ/ДОХ-ын долоон тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс гурваар нэмэгдсэн үзүүлэлт болов. Энэ оны эхний дөрвөн сард ХДХВ/ДОХ-ын халдвартай хүний тоо 292 байсан бол өнгөрсөн сард дахин нэг тохиолдол нэмэгдсэнийг нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан мэдээлэв. ХДХВ-ийг илрүүлэх шинжилгээг ХӨСҮТ-д хийдэг учир нэгдсэн дүн нь нийслэлийн мэдээллийн санд бүртгэгддэг аж. Эрүүл мэндийн газрынхан нийслэлийн хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтийг нэгтгэдэг бөгөөд энэ оны эхний таван сарын дүнгээ гаргажээ. Улаанбаатар хотын хэмжээнд халдварт өвчний 7247 тохиолдол бүртгэгдэж, өмнөх жилийн мөн үеийнхээс 2962-оор цөөрөв. Үүнд цусан суулга 883, хоолны хордлого 532, гар, хөл, амны өвчин 483, улаан эсэргэнэ 274, салхинцэцэгийн халдвар буурсан нь голлон нөлөөлсөн байна. Харин нийт халдварт өвчний 53.5 хувийг бэлгийн замынх эзэлсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 28.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Бэлтгэсэн: О.Ундрах