ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А. Амбасэлмаа цар тахлын тандалт, судалгаа шинжилгээний талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр “ нэгдүгээр сарын наймнаас өнөөдрийг хүртэл 8364 хүнд судалгаа шинжилгээ хийсэн. Үүнээс 285 хүнийг тусгаарлаж, сэжигтэй тохиолдол хийгээд оношийг үгүйсгэсэн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2582 хүнд ажиглалт судалгаа хийж байна. Тэдгээр хүмүүсээс давтан шинжилгээ хийлгэж, зарим нь долоо удаагийн шинжилгээнд хамрагдсан.
Ажиглалтын байранд 21 хоног тусгаарлагдсан хүмүүс ажиглах байрнаасаа гараад 14 хоног гэрийн ажиглалт буюу өрхийн эмчийн хяналт, тандалтад байгаа. Эдгээр хүмүүс түргэвчилсэн тестээр шалгуулж байна. Манай улсад гуравдугаар сарын еснөөс хойш нийт зөөвөрлөгдөж ирсэн 194 тохиолдол бүртгэгдсэн.Эндээс 87 хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Үүнээс 56 хүн сувилалд , 17 хүн гэрийн ажиглалтад, 15 хүний ажиглалтын хугацаа дууссан. Батлагдсан тохиолдлуудын 40 хувь нь халдвар илрэх үедээ ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэггүй ирдэг.
Эмнэлэгт хэвтэх явцдаа тодорхой шинж тэмдэг илэрч, тодорхой хугацаагаар үргэлжилж байна. Тухайлбал суулгах шинж тэмдэг илэрч байна. Мөн толгой өвдөх, хамар загатнах, амтлаг мэдрэмжээ алдах, ам хатах, амьсгал давчдах шинж тэмдгүүд 8-12 хоног үргэлжилж байна. Батлагдсан тохиолдлын 140 буюу 72 хувь нь 12-26 насны хүмүүс байна. ХӨСҮТ –ийн лабортаруудад давтагдсан тоогоор 17 гаруй шинжилгээ хийсэн. Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 1981 жолоочийг шинжилгээнд хамруулсан. Эндээс дөрвөн хүнээс коронавирус илэрсэн. Үүнээс нэг нь эдгэрч, гурав нь эмчлэгдэж байна. Тэгэхээр эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтмол байгаа учир иргэд сонор сэрэмжээ битгий алдаарай” хэмээлээ.