Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Сүүлийн 24 цагийн байдлаар шинэ тохиолдлын тоо 102 мянгаар нэмэгдэж, 2000 гаруй хүн нас бараад байна. Энэ нь өмнөх өдрийг бодоход 11 мянган, 1500 хүнээр нэмэгджээ.
АНУ-д 28 мужид халдварын тархалт нэмэгджээ. Бодит тоо мэдээлж байгаа тооноос өндөр байх магадлалтай байгаа аж. ОХУ-ын Тува, Буриад, Чита, Эрхүүд халдварын тохиолдлын тоо ихэссээр байна. Тувад хөл хориог чангатган 14 хоног хатуу дэглэм барихаар боллоо. Тиймээс хил залгаа Увс аймгийн Давст сумын иргэдийг сонор сэрэмжээ алдахгүй байхыг анхааруулж байна.
Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 58 орсон, 180 хүн гэрийн ажиглалтад шилжиж, 1882 хүн гэрээр ажиглалтад байна. Үүнээс архаг хууч өвчтэй 180 хүн байгаа. Орон нутгийн чиглэлийн галт тэргэнд эмч эмнэлгийн ажилтнууд тогтмол ажиллаж 4361 хүнд тандалт судалгаа хийсэн. Эдгээрээс сэжигтэй тохиолдол илрээгүй. Нийслэлийн хувьд 4294 хүн гэрийн ажиглалтад байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 119 дугаарт 150 дуудлага ирж, иргэд халдварын тухай зөвлөгөө авсан бол гадаадад байгаа иргэдэд зориулсан "Шуурхай-119" аппликейшнээр БНСУ, Швед, Япон улсаас монгол улсын иргэд холбогдон заавар, зөвлөгөө авсан байна. Дэлхий дахинд хамгийн түгээмэл байгаа амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, аль болох гэртээ байх зэрэг дүрмийг баримтлахыг уриалж байна" гэлээ.