Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "358 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Харин хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан сайхан мэдээтэй байна.
Одоогоор ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 91 хүний биеийн байдал хөнгөн, 16 нь хүндэвтэр байна. Одоогоор ХӨСҮТ-д 145 хүн тандалт, эмчилгээ хийлгэж байна. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 194 үүнээс 87 хүн эдгэрч гарсан.
Улс орнууд дотооддоо алдаад байгаа гол шалтгаан нь бар, цэнгээний газруудыг нээсэн явдал юм. Нэг хүний хариуцлагагүй үйлдэл ямар их хор уршиг дагуулж байгааг бид харж байна. Тиймээс бээлий өмсөх, маск зүүх гэх мэт өөрөөс шалтгаалах хамгаалалтаа сайжруулаарай. Гадуур явж байгаа хүн гэртээ халдвар тээж очдог. Тиймээс өөрийгөө сайн анхаараарай" гэв.