Өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудыг төрийн албан хаагчдын, түрээслээд, өмчлөх хэлбэрээр олгох орон сууцад эхний ээлжид оруулахаар болсон. ХӨСҮТ-д ажиллаж буй 10 албан хаагчийн орон сууцынх нь батламжийг өчигдөр Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин болон холбогдох албаныхан гардуулж өглөө. Шадар сайд Ө.Энхтүвшин “Засгийн газраас төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцтай болгох тогтоол баталсан. Зах зээлд бэлэн байгаа, ашиглалтад оруулсан орон сууцуудад албан хаагчид түрээслэх боломжтой. Энэ ажлыг НОСК болон хотын дарга С.Амарсайхан хариуцаж буй” хэмээв. Зах зээлд бэлэн орон сууцуудыг НОСК худалдаж авах бөгөөд эмч, эмнэлгийн ажилтнууд тус корпорацтай гэрээ байгуулах аж. Аль дүүргийн нутаг дахь, ямар компанийн барьсан орон сууцад орохоо иргэд өөрөө шийдэх нөхцөлтэй гэнэ. Хэрэв байрны урьдчилгаа төлбөрийг өгөх боломжгүй бол цалингаасаа сар бүр суутгуулж болох аж.
Бэлтгэсэн: Б.Анх