10 жил “царцсан” төрөх эмнэлгийн барилгыг зургадугаар сарын 15-наас ашиглалтад оруулах болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Яармагт барьсан, 300 ортой уг эмнэлгийг нийслэлийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв гэж нэрлэх аж. Барилгын ажлыг гүйцэтгэгч “Томо бюлдинг” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр “Эмнэлгийн барилгын талбайн хэмжээ 34 200 ам метр. 880 өрөөтэй, нийт 1500 ор тавих боломжтой. Ажлын явц одоогоор 98 хувьтай” хэмээн мэдээлэв. 10 жил “араг яс” байсан уг эмнэлгийг сүүлийн хоёр жилд барьж, ашиглалтад оруулах болсон “Томо бюлдинг”-ийнханд холбогдох албаныхан талархал илэрхийлсэн. Манай улсад сүүлийн 30 жилд ийм хэмжээний эмнэлэг бариагүйг ЭМЯ-ныхан онцоллоо. Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд бэлэн, харин гаднах зам, талбайг тохижуулах, орц, гарц гаргах ажил дутуу гэнэ. Үүнд шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсвөөс гаргах аж.
Бэлтгэсэн:М.Оч