Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавируст халдвараар 7,081,000 хүн өвчилж 405 мянган хүн нас барсан байна. Найм хоногийн дотор өвчлөл нэг саяар нэмэгдлээ. Одоогийн байдлаар 3.4 сая хүн эдгэрсэн бол 3.1 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
ОХУ-д сүүлийн 24 цагт 8,984 хүн шинээр халдвар авсан бөгөөд манай хил залгаа нутгуудад халдвар эрчимтэй нэмэгдсээр байгаа. Тиймээс хил залгаа аймгууд өндөр сэрэмжтэй байхыг дахин анхааруулж байна.
Өнөөдрийн байдлаар манай улсад 1,224 хүн ажиглалтад байна. Нэг хүн ажиглалтаас гарч гэрийн ажиглалтад шилжсэн.
Орон нутгийн 15 галт тэргэнд 1622 хүнд коронавирусний тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.
119 дугаарт холбогдож байгаа иргэд коронавируст халдвараас сэргийлэх зөвлөгөө мэдээлэл, тэр дундаа зусланд гарахад ямар дэглэм баримтлах талаар зөвлөгөөг түлхүү авч байна. Шуурхай аппликейшнээр АНУ-аас нэг иргэн холбогдож зөвлөгөө, мэдээлэл авсан" гэв.