Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос УИХ-ын ээлжит сонгууль болох гэж буйтай холбоотой өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ талаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний зөвлөх Ж.Баярмаа хэлэхдээ “Бид “Цэвэр шударгаар өрсөлдье” гэх уриалгыг дэвшүүлж байгаа юм. Ер нь нийгэм, эдийн засаг амаргүй байгаа энэ үед эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь чухал.
Ингэснээр нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь харж, тодорхой шийдвэр гаргахад хувь нэмэр оруулна. Иймд УИХ-д эмэгтэй нэр дэвшигчид олноор сонгогдох хэрэгтэй” гэж хэлсэн юм. Тэгвэл Ардчилсан нам эмэгтэйчүүдийг олноор нь сонгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм бол садар самуу, ёс суртахуунгүй гишүүдийнхээ оронд чансаатай, чадалтай эмэгтэйчүүдээ дэмжээд УИХ-д нэр дэвшүүлэх байсан юм биш үү.
Тухайлбал, Баян-Өлгий аймагт нэр дэвшиж байгаа УИХ-ын гишүүн Д.Мурат. Одоогоос гурван жилийн өмнө түүний садар самуун, ёс бус зургууд олонд дэлгэгдэж сенсаци үүсгээд байсан. Монгол төрийн түшээгээс гарахааргүй ёс зүйгүй үйлдлүүд гаргадгийг түүнтэй нэр холбогдсон Б.Бахытгүл бүсгүй олонд дэлгэсэн юм. Улмаар асуудал хүндэрч УИХ-ын гишүүн Д.Мурат нэр төрд халдсан гүтгэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж Б.Бахытгүлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Гэвч Муратын зургийг улс даяараа харсан шүү дээ.
Тэрбээр “Мурат над руу ёс зүйгүй зураг явуулж, дарамталж байсан нь үнэн. Хэрвээ үнэхээр тэр зураг, материал, мессежүүд хуурамч байсан бол том хүү нь надад 100 сая төгрөг өгье гэхгүй байсан. Миний өмгөөлөгчтэй уулзаж мөнгө өгч, намайг өмгөөлөхийг нь болиулах гэж оролдохгүй байсан юм” гэж ярьж байсан. Гэтэл Д.Мурат энэ ёс зүйгүй асуудал үүсэгчээд ичихгүй “УИХ-д дахин нэр дэвшинэ. 100 сая төгрөгийн дэнчингээ АН-д өгсөн. Хуулиар намайг буруугүйг тогтоосон. Гурван шатны хурлаар намайг цагаатгасан учраас нэр дэвшинэ” гэх.
Ардчилсан нам ийм ёс зүйгүй хүнийг нэр дэвшүүлж байгаа нь гайхмаар. Намын дарга нь тоодоггүй юм аа гэхэд намын нөхөд нь дэмжээд гаргаад ирсэн нь гутамшиг, дэмжээгүй бол энэ хүн эрхээ авахгүй байсан. АН-аас нийт 62 эрэгтэй, 14 нь эмэгтэй горилогчид нэр дэвшиж байгаа юм. Яаг одоо 61 эрэгтэй нь (Муратыг хасаад) эмэгтэй сонгогчдодоо “хайр” зарлаж, 14 эмэгтэй нь эмэгтэйчүүдийн эрхийг ярьж яв аа. Намын нөхөд нь ийм хүнтэй мөр зэрэгцэн нэр дэвшихээсээ ичихгүй байна уу. Эмэгтэй сонгогчдынхоо эрхийг хамгаална, би эмэгтэй хүнийг хүндэлдэг гэж “найрах” үедээ ямар хүнийг “намын, бодлогын найзаа” гэж нэр дэвших эрхийг нь өгснөө санаарай. Сонгогдлоо гэхэд садар самуун хэрэгт нэр холбогдож байсан хүнийг намаа төлөөлөх эрхээр нь хангачхаад эмэгтэйчүүдийн эрх ашгийн төлөө тэмцэх нь юу л бол.