УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ цахим хуудсандаа байршуулаад байна. Энэ удаа сонгуульд оролцох 13 нам, дөрвөн эвслийг удирдаж буй хүмүүсийн хөрөнгө, орлоготой танилцана уу.
Дөрвөн байгууллага ажиглагчаар оролцоно
Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдлаа. Уг хуралдаанаар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд ажиглагчаар оролцох төрийн бус байгууллагуудыг бүртгэв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, байгууллагуудын “Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл”, “Бодлогод залуусын хяналт”, “Өөрчлөлтийн төлөө залуу эмэгтэйчүүд”, МИДАС гэсэн төрийн бус дөрвөн байгууллага энэ удаагийн сонгуульд ажиглагчаар оролцох аж. Тэдний төлөөлөлд Коронавируст халдвар (Ковид- 19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг чанд мөрдөн ажиллахыг СЕХ-ноос сануулав.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгов
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 6.1-т сонгууль товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намууд сонгуульд оролцохоор тусгасан, мөн 28.3.1-т нам, эвсэл нь сонгуульд оролцох хугацаанаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангахаар өөр хоорондоо зөрчилтэй зохицуулалт хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянан хэлэлцэв. Цэц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22- нд дунд суудлын хуралдаанаар үүнийг хэлэлцэн, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзсэн юм. Гэвч УИХ үүнийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн тул энэ удаад их суудлын хуралдаанаар хэлэлцлээ. Дээрх заалтуудын холбогдох хэсэг төрийн байгууллагад иргэний сонгогдох эрхийг болон хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэрлэн, заалтуудыг хүчингүй болгов. Мөн УИХ-ын 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны “Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” тогтоолыг хүчингүйд тооцлоо.
Улс төрийн оролцоог идэвхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ
Сонгууль, улс төр дэх залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болжээ. Үүнийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ), Азийн сан болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран хэрэгжүүлэх аж. АНУ-ын Засгийн газраас уг хөтөлбөрийн дэмжихэд 8.4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.
БНОУХ-гийн суурин төлөөлөгч Крэйг Кастанья “Оролцоо, эргэх холбоо бүхий ардчилал л иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангаж чаддаг. Ардчиллын нэг хүчин зүйл нь залуу боловсон хүчнээр “цус сэлбэх” юм. БНОУХ нь түнш байгууллагуудтай хамтран эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолойг хүргэж, өргөн хүрээг хамарсан иргэдийн оролцоог дэмжин ажиллаж буйдаа баяртай байна” гэв. Хөтөлбөрийн хүрээнд сонгогчдын боловсролыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх, залуучууд, эмэгтэйчүүдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлэх, сэтгүүлчдийг дэмжих зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах аж