Нар жаргаж буй үдшийг харуулсан гэрэл зургаа “Өчигдрийн нар жаргалт” хэмээх тайлбартайгаар нэгэн иргэн нийгмийн сүлжээнд нийтэлснийг “Ямар тэнэг тайлбартай юм бэ” гэж иргэн Б дүгнэн, фэйсбүүкийн бүлгэмүүдэд хуваалцах төдийд хэдэн зуун шүүмжлэгч “төрөн гарав”. “Энэ найраглал юм уу, жаргахуй дор гэж төгсгөвөл онох байлаа” гэх зэргээр зургийн эзнийг шүүмжилцгээх тэд нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгч бололтой.
УИХ-ын сонгуулийн тухай хууль
- 35.3.Нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэх, ийм агуулга бүхий хэвлэмэл материалыг нийтэд тараах, эсхүл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин дахь олон нийтийн сүлжээгээр тараахыг хориглоно.
- 48.10.Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилгоор тэдгээрийн нэрийн өмнөөс аливаа этгээд санаатайгаар хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно.
- 48.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.
- Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журам
- 4.1.Цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг цагдаагийн байгууллага, шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.
- 4.2.Энэ журмын 4.1-д заасан эрх бүхий байгууллага нь цахим орчин дахь сонгуулийн сурталчилгаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох хууль тогтоомжийн дагуу хянан үзээд санал, дүгнэлтийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлнэ.
- 4.3.Энэ журмын 4.2-т заасан санал, дүгнэлтэд тухайн мэдээ, мэдээллийн цахим хаяг, цахим холбоос, хэвлэмэл баримт зэрэг шаардлагатай баримтыг хавсаргана.
- 4.4.Харилцаа холбооны зохицуулах хороо нь энэ журмын 4.2-д заасан санал, дүгнэлтийн дагуу дараах мэдэгдлийг цахим орчны үйлчилгээ эрхлэгчдэд даруй хүргүүлнэ:
- 4.5.Цахим орчны үйлчилгээ эрхлэгч нь энэ журмын 4.4-т заасан мэдэгдэлд дурдсан арга хэмжээг заасан хугацаанд даруй хэрэгжүүлж, хэрэгжилтийн талаарх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хороонд цахим шуудан, утсаар мэдэгдэж, албан бичгээр хүргүүлнэ.
- 4.6.Цахим орчны үйлчилгээ эрхлэгчийг олж тогтоох боломжгүй эсхүл энэ журмын 4.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол Харилцаа холбооны зохицуулах хороо дараах мэдэгдлийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч болон интернетийн үйлчилгээ эрхлэгчид хүргүүлнэ:
- 4.6.1.тухайн цахим орчны үйлчилгээ эрхлэгчийн Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн сурталчилгааны хугацаа дуустал хязгаарлах;
- 4.6.2.хуульд заасан технологийн арга хэмжээ авах.
Өдгөө энэ сүлжээнд тухайлбал, фэйсбүүкт 2.2 сая, твиттерт 44 мянган идэвхтэй хэрэглэгч бий гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрынхан тооцжээ. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлж байна гэж ойлгон, хаа хамаагүй мэдээллийн доор элдэв сэтгэгдэл бичиж, түгээн, олон нийтийг “турхирч” байж “Урт хэл хүзүү орооно” гэгчээр сонгуулийн хууль бус сурталчилгаа явуулсан хэрэгтэн болох вий, тэд. Учир нь хэн нэгэн нэр дэвшигчийг санаандгүй байдлаар цахим сүлжээнд доромжилж, гүтгэсэн бол Зөрчлийн, Төрийн албаны тухай, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх эрх зүйн зохицуулалттай болсон. Өөрөөр хэлбэл, цахим орчин дахь сонгуулийн сурталчилгааг өдгөө УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 47 дахь заалт, Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын хүрээнд СЕХ, ХХЗХ, МХЕГ, ШӨХТГ хянаж, ЦЕГ, ТЕГ арга хэмжээ авах бөгөөд өмнөхөөсөө илүүтэй хууль, эрх зүйн орчин нь сайжирсан гэж хэлж болно. (Хуулийн 35.3, 48.10-т заасныг харна уу). Үүнээс гадна иргэд анхаарч, хэрэгжүүлэх ёстой нэг чухал зүйл нь “СЕХ-нд бүртгүүлээгүй цахим хуудсыг сонгуулийн сурталчилгаанд ашиглах, бусдын нэр болон хуурамч хаяг ашиглахыг тус тус хориглоно” гэсэн заалт юм. Тодруулбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуульд заасны дагуу сурталчилгаа явуулах өөрийн цахим хаяг болон нийгмийн сүлжээн дэх хуудсыг СЕХ-нд өнөөдрийн дотор бүртгүүлэх үүрэгтэй. Тэдгээр хуудсанд намын нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриаг харагдахуйц байршуулж, сурталчилгаагаа явуулах бөгөөд хууль зөрчиж буй, эсэхэд холбогдох байгууллагууд хяналт тавина. Тэгэхээр нийгмийн сүлжээний хэрэглэгчид нэг нам, нэр дэвшигчийг сурталчлах, эсвэл гүтгэн, доромжилсон бол хуулийн 47.1 дэх заалтад хамааруулан, бүртгэлгүй цахим хуудаснаас сурталчилгаа явуулсан, эсвэл “...сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэхээр санаатайгаар хууль бус сурталчилгаа явуулсан”-д тооцогдох юм.
Тиймээс сонгуулийн сурталчилгааны хуулийн хугацаа буюу ирэх сарын 23-ны 00.00 цаг хүртэл цахим орчин дахь улс төр, нам, нэр дэвшигчдийн талаарх мэдээлэлд сөрөг сэтгэгдэл бичих зэргээр “хошуу дүрэх” нь эрсдэл дагуулах аюултай байх нь.
Нөгөөтээгүүр, хөл хорионы дэглэмтэй байгаа, хүн амын 68 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг зэргээс шалтгаалж нам, эвслүүд, нэр дэвшигчдийн сурталчилгааны гол хэрэгсэл нь нийгмийн сүлжээ болох төлөвтэй. Өөрөөр хэлбэл, энэ талбарт мэдээллийн “дайн” дэгдэж, хууль бус сурталчилгаа, ухуулга, хар пиар (PR) өрнүүлж болзошгүй юм. Энэ нь нэр дэвшигчдийн талаарх үнэн, зөв мэдээллийг олж авахад буюу иргэдийн мэдэх эрхэд саад учруулна. Тиймээс шударга, чадварлаг, ёс зүйтэй, хариуцлагатай хүмүүсийг УИХ-ын гишүүнээр сонгон, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих зэрэг эрхээ хамгаалуулахын тулд өнөөдөр бид юу хийж чадах вэ.
ИРГЭДИЙН МЭДЭХ ЭРХИЙГ АДМИНУУД ХҮНДЭТГЭХ ХЭРЭГТЭЙ
Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ нам, эвсэл, хэн нэгэн нэр дэвшигчийг доромжилж, гүтгэсэн тохиолдолд түүнийг нь санал хураалтын дүн гарахаас өмнө эрх бүхий байгууллагууд шийдвэрлэж амжих уу гэдэг асуулт гарч ирнэ. Дээрх хуулийн 75.2-т “Нэр дэвшигчийн алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд тараасан нь санал хураалтын дүн гарахаас өмнө тогтоогдвол СЕХ тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна” хэмээн заажээ. Үүнийг шийдвэрлэх хүрээнд холбогдох байгууллагууд шат шатандаа, хууль бус сурталчилгааны санал, дүгнэлтийг цахим шуудан, факсаар даруй хүргүүлж, ажиллах юм байна (Энэ талаар журмаас харна уу). Даруй гэдгийг нь боломжит богино хугацаа гэж тодорхойлжээ.
Гэхдээ нэр дэвшигчдийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл тараалаа гэхэд эрх бүхий байгууллагууд сар хүрэхгүй хугацаанд үүнийг шийдвэрлэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь өмнөх УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үед нэр дэвшигчдийн нэр хүндийг гутааж, “өвдөг шороодох”-д нь хүргэсэн ямар дүрс бичлэг, үнэн, худал нь эс мэдэгдэх баримт дэлгэгдсэнийг санах нь зүйтэй. Тэдгээрийн нэг болох “60 тэрбум”-ын гэх хэргийг одоо ч шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй. Тиймээс сонгогчдын толгойг “эргүүлсэн” мэдээллүүд цахим орчинд цацагдвал иргэд мэдэх, сонгох эрхээ хамгаалж, түүнд хариу үйлдэл үзүүлэх чадвартай байхад суралцъя. Тухайлбал, фэйсбүүкийн группүүд нь олон гишүүнтэй учир мэдээллийг түгээх гол эх үүсвэр болдог. Тиймээс группийн админууд иргэдийн эрхийг хүндэтгэж, сонгууль, улс төртэй холбоотой ямар ч мэдээллийг үл зөвшөөрч, нийтлүүлэхгүй байх хэрэгтэй. Ингэж чадвал хууль бус сурталчилгааны гол суваг үгүй болно. Хэрвээ зөвшөөрсөн тохиолдолд группийн гишүүд нь эсэргүүцэх нь зүйн хэрэг. Таны мэдэх эрхэд халдаж, тус бүлгэмд нэгдсэн зорилгыг тань үгүйсгэн, өөр мэдээллээр “бөмбөгдөж” буй учраас тэр. Нөгөөтээгүүр, нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг авахыг хүсвэл албан ёсны хаягт нь хандах, элдэв дүрс бичлэгийг цааш нь түгээхгүй байх соёлд иргэд суралцах хэрэгтэй. Тэдгээр хаягийн жагсаалтыг ХХЗХ-ны цахим хуудсанд маргаашаас сонгуулийн санал хураалт дуусах хүртэлх хугацаанд нээлттэй байршуулна.
АЛБАН ЁСНЫ ХАЯГААС БУСАД НЬ СУРТАЛЧИЛГАА ЯВУУЛАХГҮЙ
Хууль бус сурталчилгаа гэдэгт мөнгө, эд хөрөнгө тараах, нийтийг хамарсан тэмцээн зохион байгуулах, сонгогчдыг гадаад, дотоодод аялуулах, улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулах, зөвшөөрснөөс бусад хэлбэрээр буюу өрсөлдөгчөө доромжлох гэх мэтчилэн 10-аад зүйлийг хамруулжээ. Тодруулбал, зөвшөөрснөөс бусад хэлбэрээр сурталчилгаа явуулах гэдэг нь нэр дэвшигчдийн бүртгүүлснээс өөр хаяг, хуудас эзэмшигчийн зүгээс нэр дэвшигч, нам, эвслийг сурталчлах, эсвэл доромжилсон утгатай контент түгээхгүйг дээр дурдсан билээ. Харин сенсацтай мэдээ, олны танил хүмүүсийн нэрийг ашиглан, хандалт авах гэсэн үл таних сайт олон бий. Тухайлбал, нэр дэвшигчдийн алийг нь сонгох вэ, эсвэл аль нэг намын тухай ноцтой баримт дэлгэлээ, доорх холбоосоор нэвтэрч үзнэ үү гэх мэтчилэн тайлбартай мэдээлэл цацдаг. Ийм тохиолдолд цахим хуудасныхаа эрхийг хязгаарлуулах, устгуулах, мөн Зөрчлийн тухай, хүн гүтгэсэн бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх эрх зүйн орчин бүрдсэнийг анхаарах хэрэгтэй. Тодруулбал, ХХЗХ таны хууль бус сурталчилгааны хэлбэрийг тогтоон, дүгнэлт гаргаж, “Фэйсбүүк” компанитай холбогддог “Ногоон суваг”-аараа хүргүүлэн, хаягийг тань устгуулах боломжтой.
Үүнээс гадна иргэдийн фэйсбүүк хаягийн нууц үгийг авах зорилготойгоор сонгууль, улстөрчдийн талаар мэдээлэл цацдаг. Тэгвэл энэ үйлдэл ч хууль бус сурталчилгаанд хамаарч, хариуцлага хүлээх зохицуулалттай. Товчхон хэлэхэд, энэ сарын 23 хүртэлх хугацаанд нийгмийн сүлжээний хэрэглэгч та хуулийн дагуу үүрэг хүлээсэн бөгөөд бусдын санаа бодолд нөлөөлөхгүй байхыг хууль шаардаж буй юм. Сошиал инфлүүнсэр гэгдэх олон дагагчтай хүмүүс, энгийн иргэд ч ялгаагүй сурталчилгаа явуулах эрхгүй. Учир нь нэр дэвшигчийн албан ёсны хаяг биш юм.
ХЭВШСЭН ҮЙЛДЭЛ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨӨР
Сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн намууд, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, бодлогоо нийгмийн сүлжээгээр танилцуулж эхлэв. Тэдний өөрсдийн албан ёсны хаягаас гадна хувь хэрэглэгчид, мэдээллийн цахим хуудсаар нэр дэвшигчдийн тухай цацсан бөгөөд нэгэн жишээг эш татъя. “... нутгийн сонгууль-2020” нэртэй цахим хуудсанд аймгаасаа нэр дэвшиж буй МАН, АН-ын гурав, гурван төлөөллийн зургийг зэрэгцүүлэн оруулж, хоёр намын урианы хамт бичжээ. Энэ хуудас 8500 орчим дагагчтай бөгөөд тус мэдээллийг оруулаад дөрвөн цаг өнгөрсний дараа 181 сэтгэгдэл бичиж, 210 хүн эерэг, сөрөг хариу үйлдэл үзүүллээ. Тэдний дотор “Энэ хөлсний бичээчид болиосой, Ж минь угаадсанд хөлөө дүрлээ, лицензчидтэй нэг тойрогт өрсөлдөх нь, луйварчид, төрийн оготнууд, хамгийн их хөрөнгө оруулалт нутагтаа татдаг хэрнээ хамгийн муу бүтээн байгуулалттай нь манайх, энэ хүнийг их л тэнэг хүмүүс сонгох байх даа, Б бол улсын хөрөнгөөс идэж, өөрийн хөдөлмөр, зүтгэлээр хөл дээрээ боссон хүн дээ, хүйтэн царайтай, цаанаа л нэг явцгүй харагддаг Ч” гэх мэтээр бичжээ (Элдэв хараалын үгтэй хэсгийг оруулаагүй болно). Нийгмийн сүлжээний соёлд суралцаагүйг үүнээс харж болно. Хэн нэгнийг царай зүсээр нь доромжилж, гэмт хэрэгтнээр дуудахад хуулийн хязгааргүй мэт аашилдаг нь сонгуулийн сурталчилгааны үед ч өөрчлөгдсөнгүй. Тэд хуулийн дагуу хариуцлага хүлээнэ гэдгээ ч ойлгоогүй, үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагууд нь ч явуулаагүй нь харамсалтай.