Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллага (ФАТФ) өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсыг “саарал жагсаалт”-д оруулсан. Үүний хүрээнд тус байгууллагаас терроризмтой тэмцэх хууль, эрх зүйн орчныг чангатгах зэрэг зургаан үүрэг даалгаврыг манай улсад өгсөн билээ. Тэдгээрээс гурвыг нь биелүүлснээ өнгөрсөн нэгдүгээр сард танилцуулж, хангалттай үнэлгээ авсан үлдсэнийг нь энэ сарын 4-нд цахимаар хамгаалсан юм. Ингэснээр Монгол Улс “саарал жагсаалт”-аас гарах нөхцөлөө бүрдүүлсэн тухай ФАТФ-ын дүгнэлтийг өнгөрсөн пүрэв гарагт ирүүлжээ. Уг дүгнэлтийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан нар УИХ-ын дарга Г.Занданшатарт танилцууллаа. ФАТФ-ын төлөөлөгчид Монгол Улсад ирж, хяналт шалгалт явуулсны дараа дээрх жагсаалтаас гарах сүүлийн шатны үнэлгээг өгөх аж. Гэвч өдгөө коронавирусийн халдварын улмаас хяналт шалгалтын хугацаагаа товлоогүй гэнэ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд онцгойлон ач холбогдол өгч, төрийн байгууллагууд хамтран ажилласны үр дүн гарлаа. Монгол Улс өгөгдсөн үүрэг даалгаврыг долоон сарын хугацаанд биелүүлсэн” хэмээв.
УИХ-ын дарга Г.Занданшатар ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах нөхцөл бүрдсэн нь сайшаалтайг онцолж, Монголбанкнаас валютын нөөц, ипотекийн зээлийн чиглэлээр ямар арга хэмжээ хэрэгжүүлж буйг лавлалаа.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Барилгын салбар болон иргэдээ дэмжих зорилгоор ипотекийн зээлд зориулан 300 тэрбум төгрөгийн санхүүжилт хийх тохиролцоонд хүрч, төлөвлөгөөний дагуу ажил урагшилж байна. Өнгөрсөн жил манай улс 15.6 тонн алт худалдан авсан. 2020 оны эхний дөрвөн сарын байдлаар долоон тонн алт тушаасан бөгөөд оны эцэст 20 тоннд хүрнэ гэсэн тооцоо бий. Энэ нь 800 орчим сая ам.доллар гэсэн үг. Ингэснээр манай валютын нөөц нэмэгдэх бүрэн боломжтой” гэв.
УИХ-ын дарга цаашид хяналт шалгалтаа сайжруулж, хэрвээ зөрчил, дутагдал гарвал цаг алдалгүй засаж, Монгол Улсынхаа болон олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ сайтар биелүүлж ажиллахыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагад үүрэг болголоо.
Бэлтгэсэн: Б.Нандин