Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавирусний халдвар дэлхийн 216 улс оронд гарч, 370,000 хүн нас барсан.
ОХУ-д халдварын эрч өндөр хэвээр байна. Өчигдөр Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтэрч буцаж орж ирэхдээ саатуулагдсан. Хоёр монгол хүнийг саатуулахад эмнэлгийн 7 ажилтан ажилласан. Эдгээр 7 хүнийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Одоогоор халдвар илрээгүй. Ялангуяа Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд өндөр сонор сэрэмжтэй байх, амны хаалтаа зүүх, хил зөрчихгүй байхыг анхааруулж байна.
Монгол улсад одоогийн байдлаар 1991 хүн ажиглалтын байранд байна. 119 дугаарт өдөрт 117 дуудлага ирж зөвлөгөө авсан. ЭМЯ-аас дотоодын аялагчдад гаргаж зөвлөмж гаргасан. Зөвлөмжийн дагуу хил орчмын нутгаар аялахдаа тухайн хил залгаа орныхоо өвчлөлийн байдлыг мэдэх шаардлагатай" гэв.