Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас УИХ-ын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт болон цементийн үнэ хөөрөгдсөн, эсэхэд хийсэн шалгалтынхаа талаар мэдээллээ. Энэ он гарснаас хойш тус газарт 1105 өргөдөл, гомдол ирүүлсэн бөгөөд үүний 90 гаруй хувийг шийдвэрлээд буй аж.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39.5, 46.13, 48.1.7, 48.7 гэсэн дөрвөн заалтын хэрэгжилтийг ШӨХТГ хангаж ажиллах гэнэ. Энэ талаар тус газрын дэд дарга С.Цогтгэрэл “Хуулийн 46.13-т “Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөр нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, хараат бус байх зарчмыг баримтална” гэж заасан. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд үүний хэрэгжилтийг хангаж ажиллана. Мөн хуулийн 48.1.7-д заасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий шалгаруулалт зохион байгуулахыг хориглоно. Үүний хэрэгжилтийг ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш хангаж ажиллалаа. Өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хойш TV4, TM8, TV10, “Боловсрол суваг” зэрэг телевиз, фэйсбүүкийн 48 хаягаар улс төрийн чансаа тогтоох санал асуулга явуулсныг илрүүлсэн. Зөрчил гаргасан “Смарт судалгаа” компанид Зөрчлийн тухай хуулийн 17.16.7-д заасны дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй. Түүнчлэн фэйсбүүкийн хаягуудын хандалтыг хязгаарлах улсын байцаагчийн дүгнэлт гаргаж, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-нд хүргүүлсэн. Фэйсбүүк дэх “Иргэдийн дуу хоолой” нэртэй группийн админд ийм агуулгатай мэдээллийг нийтлүүлэхгүй байхыг анхааруулсан. Хэрэв дээрх заалтыг зөрчсөн бол хувь хүнийг 20, хуулийн этгээдийг 200 сая төгрөгөөр торгоно” хэмээв. Хоёр телевиз, нэг сайтынханд эхний удаад сануулга хүргүүлсэн гэнэ. Харин “Боловсрол суваг” телевиз болон Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар нарын санал асуулга явуулсан зөрчлийг харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлжээ.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48.1.7, 48.7-д хэвлэл мэдээллийн байгууллага сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээллийг дагнан гаргах, эсвэл гаргахгүй байхаар гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан байдаг. Үүнд ШӨХТГ мөн хяналт тавих гэнэ. Энэ талаар дэд дарга С.Цогтгэрэл “Хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээний контентыг байнга хянаж байгаа. Мөн өргөдөл, гомдлын дагуу тухайн мэдээллийн хэрэгсэл, цахим хаягийг шалгадаг. Хэрвээ зөрчил илэрвэл тухайн өдөрт нь дүгнэлт гаргаж, ХХЗХ-нд хүргүүлж байна” гэв. Тус газрын Хэрэглэгчийн мэдээллийн төвд цементийн үнэ нэмэгдсэн гэх санал, гомдол ирүүлсэн тул шалгалт хийжээ. Уг шалгалтын талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Цементийн үйлдвэрүүдийн зарим нь хятад ажилчидтай. Гэтэл хил хааснаас болж ажилчид нь ирж чадахгүй, үйлдвэрлэлийн хэмжээ нь буурсан. Тухайлбал, “Мөнхийн Баянтал” хэмээх компанийн цементийн үйлдвэр өдөрт 300 тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай. Гэвч хятад ажилчдаа татаж чадахгүй, үйлдвэрлэлээ зогсоосон. Энэ мэт шалтгаанаас үүдэж зах зээлд нийлүүлэх цементийн хэмжээ багасаж, үнэ нь өссөн байна. Бусад үйлдвэрийн хувьд гурван хоногийн турш цахилгааныг нь хязгаарласнаас үйл ажиллагаа нь доголджээ. Мөн гол үйлдвэрлэгч нар цементийнхээ үнийг нэмээгүй ч дамжуулан борлуулж буй иргэд, аж ахуйн нэгжүүд ханшийг нь хөөрөгдсөн байна” гэв. Мах, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хувьд үнэ хэвийн байгааг мэдээллийн үеэр онцлов.
Шатахууны чанар, түгээлтийн хэмжээний талаар ирүүлсэн гомдлын дагуу шалгалт эхлүүлснийг мэдээллээ. Өрсөлдөөний тухай хуульд зааснаар улсын байцаагч 90 хоногийн дотор шалгалт явуулж, дүгнэлтээ танилцуулах ёстой аж. Ташрамд дурдахад, хяналт, шалгалтад зориудаар нөлөөлбөл хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг анхааруулав.
Бэлтгэсэн:Б.Анх