Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедын болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаас шинэчлэн тогтоолоо. Ингэхдээ Засгийн газрын холбогдох тогтоолын хүрээнд есөн төрлийн протезын үнийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгажээ. Жишиг үнийг инфляцын өсөлт, зах зээлийн бодит үнэ, үйлдвэрүүдээс ирүүлсэн саналыг үндэслэн тооцож, одоогийнхоос 20-50 хувиар нэмэгдүүлсэн байна. Нийгмийн халамжийн сангаас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд олгох протез, ортопедын болон тусгай хэрэгслийн жагсаалт, жишиг үнийг 2013 онд баталсан тогтоолын дагуу мөрдөж байсан юм.
Протез, ортопед, тусгай хэрэгслийн хөнгөлөлтийг 2017-2019 онд дунджаар 63 500 ахмад эдэлж, 9.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй 17 553 иргэн үүнд хамрагдаж, 3.1 тэрбум төгрөгийг халамжийн сангаас гаргасан байна. Сүүлийн гурван жилийн дүнгээр ахмад настнуудын зардлаас хиймэл шүдний хөнгөлөлт 30 гаруй хувийг эзэлж, жилд 3.1 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн гэнэ. Харин мэс заслын аргаар хийдэг өндөр өртөгтэй протез болох хиймэл түнхний болон өвдөгний үе, нүдний болор, шилбэний түгжээт хадаас зэргийн хөнгөлөлтөд 3.4 тэрбум төгрөг зориулжээ. Үлдсэн зардлын ихэнх хэсгийг тэргэнцэр, сонсголын аппарат, нурууны төрлийн хамгаалалт эзэлдэг аж.
Тогтоолыг шинэчилснээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх байгууллагууд төрөлжиж, нийлүүлэх хэрэгслийн нэр, төрөл тодорхой болж, чанар, стандартын шаардлага хангасан протез, ортопед, тусгай хэрэгслийг иргэдэд олгон, хүртээмж нь сайжирч, халамжийн сангийн хөрөнгийг үр ашигтай, оновчтой зарцуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газраас тооцжээ. Үүнийг хэрэгжүүлэхэд 2021 оны төсөвт тусгасан ахмад настны болон хөгжлийн бэрхшээлтэй хүний хөнгөлөлт, тусламжийн зардалд нийт 3.3 тэрбум төгрөг нэмж тусгах шаардлагатай юм байна.
Мөн Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журмыг Засгийн газрын хуралдаанаас батлав. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр шат дараатай ажил зохион байгуулж, нийгмийн халамжийн нэгдсэн систем хөгжүүлж байгаа. Уг ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Уг системийг бүрэн нэвтрүүлснээр иргэд нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ ТҮЦ машин ашиглан гаргах боломж бүрдэх гэнэ. Ирэх сараас “Насны хишиг”, ихэр хүүхдийн, өрх толгойлсон эх, эцгийн, жирэмсэн эхийн болон 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг цахим системээр олгох бэлтгэл ажил хангагдаад буй юм байна.
Бэлтгэсэн: Б.Уран