Өндгөвч нь эм бэлгийн эс боловсруулах, сарын тэмдгийн үйл ажиллагааг зохицуулдаг хос эрхтэн. Өвчинд өртөмхий эл эрхтэн доороосоо даарах төдийхөнд үрэвсчихдэг аж. Дангаараа гэхээсээ илүүтэй голдуу умайн хүзүү, хоолой, хөндийг нь хавсран өвчлүүлдэг юм байна. Өндгөвчийн үрэвслийн ихэнх тохиолдолд өгсөх замын халдвар нөлөөлдгийг эмч нар хэлсэн. Тодруулбал, хүүхэд төрүүлсний дараа болон үр хөндүүлсний улмаас умай шархлах, эсвэл үтрээний үрэвслүүд, бэлгийн замын өвчнийг эмчлүүлэхгүй архагшуулснаас халдвар умайн хөндийгөөс гуурсан хоолой руу дамжих замаар өндгөвчийг “гэмтээдэг” гэнэ. Үрэвслээс гадна нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд өндгөвчийн уйланхай асуудал үүсгэх болжээ. Тиймээс бидний киста хэмээн ярьж, бичиж заншсан өндгөвчийн уйланхайн талаар мэдээлэл бэлтгэлээ. Уг өвчнийг олонх эмэгтэй барагтай л бол тоодоггүй байхад цөөнгүй нь хэт ач холбогдол өгч, мэс заслаар авхуулахыг, янз бүрийн тариагаар шимэгдүүлэх гэж оролддог талаар эмч нар хэлсэн. Ямар төрлийн киста вэ гэдгээс хамаарч, хэт ач холбогдол өгөхгүй байж ч болдог аж.
Ер нь уйланхай хүний аль ч эд, эрхтэнд ургадаг гэнэ. Өндгөвчийнх нь ноцтой зовуурь, шаналгаагүй ч цөөнгүй тохиолдолд хорт хавдар үүсгэдэг байна. Үүний улмаас эмэгтэй хүний үр удмаа үлдээх гол эрхтэн болох умай, өндгөвчийг нь тайрах тохиолдол гардаг нь харамсалтай. Тэгэхээр өөхөнд биш, өндгөвчид үүссэн уйланхайг тоохгүй өнгөрч болохгүй гэсэн үг. Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолддог хорт хавдрын зургадугаарт өндгөвчийнх ордог байна. Манай улсад одоогоор ийм хавдрыг эрт илрүүлэх үзлэг, оношилгоог нэгдсэн журмаар хийхгүй байгаа учир сэжигтэй шинж тэмдэг илэрвэл шаардлагатай шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг мэргэжлийнхэн зөвлөсөн. Энэхүү сэжигтэй шинж тэмдэг гэдэгт нь өндгөвчийн уйланхай ордог. Тиймээс хавдрыг “тэжээгч” шалтгааныг нэгээр цөөрүүлэхийн тулд кистагаа эмчлүүлэх, урьдчилан сэргийлэх тодорхой арга байхгүй ч эрт илрүүлэх хэрэгтэй болов.
Уйланхай нь өндгөвч дотор болон гадна талд нь ургадаг, хорон эд гэнэ. 83 хувь нь физиологийнх буюу хэвийн байдаг нь үүнийг тоохгүй өнгөрүүлэх шалтгаан болдог аж. Үүний далбаанд хортой нь “нуугдчихдаг” учраас эмч нар заавал шинжлүүлэхийг сануулдаг юм байна. Хэвлийн хэсгээр хүчтэй өвдөх, халуурах, дотор муухай оргих зэрэг шинж тэмдгийн үед уйланхай нь аминд аюултай болсныг “хэлнэ”. Энэ тохиолдолд өндгөвчийн уйланхайн хананд цус харвасан, мушгирсан байдаг гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх тодруулгаас уншаарай.
Д.МАРТ: Эхийн хэвлийд байхад нь үүссэн уйланхайд яс, шүд хүртэл ургадаг
“Номун дагина” эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч Д.Мартаас дараах зүйлийг тодрууллаа.
-Өндгөвчид яагаад уйланхай үүсдэг юм бол?
-Бие махбод эрүүл үед өндгөвчид уйланхай үүсэж, өөрөө хагарах үйл явцыг физиологийн буюу хэвийн гэж үзнэ. Өөр шалтгаанаар буюу хагардаггүй нь эмгэг юм. Уйланхайг хүн бүр мэддэг. Малын гэдэс, дотор өөхөнд голдуу байдаг цэлцгэр зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл, уйланхай нь дотроо шингэн агуулсан үүсгэвэр. Өндгөвчийн уйланхай нь нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд зонхилон тохиолддог. Ихэвчлэн хоргүй байдаг. Эмчийн үзлэг, ЭХО, бусад шинжилгээгээр илрүүлнэ. Уйланхайн хоёр үндсэн төрөл бий. Дээр хэлсэнчлэн өндгөн эс боловсрох явцад, эсвэл сарын тэмдгийн үед уйланхай үүсэж, өндгөн эс гадагшлахтай хамт хагардаг. Үүнийг фолликулын уйланхай гэдэг. Энэ нь хагараад, бага аарцгийн хөндийд шимэгддэг. Нэг өндгөвчид хэд хэдэн ширхэг, эсвэл хоёуланд нь зэрэг үүсэж ч болно. Дээрх үйл явцын үед уйланхай нь хагарахгүй үлдэж, шингэн хуримтлагдан томорч, нэг хөндийтэй үүсгэвэр үүсээд, оношлогддог байх нь. Ихэнхдээ 2-4, цөөн тохиолдолд 6-10 см хүртэл томрох нь бий. Ураг, нярай хүүхдэд хүртэл тохиолддог. Фолликулын үед ноцтой хүндрэл учруулахгүй. Харин жамаараа бус үүсдэгийг нь дермойд гэнэ. Голдуу үр хөндөлт, өндгөвчийн үйл ажиллагааны хямралаас үүсдэг. Мөн үрэвслийн үед, үр хөврөлийн явцад болон шалтгаан нь тодорхойгүй ч байж болно. Аль ч насны эмэгтэйчүүдэд тохиолддог. Өндгөвчийн бүх уйланхайн таван хувийг энэ төрлийнх эзэлдэг. Хэмжээгээрээ 3-8 см, зузаавтар ханатай, ихэвчлэн цусархаг шингэн агуулсан, нэг төрлийнх бус байна. Түүнчлэн өндгөвчид олон уйланхай үүсэх хам шинж гэж ч бий.
-Эмгэг болсон тохиолдолд хэрхэх вэ?
-Уйланхайг хэвийн үү, эсвэл эмгэг үү гэдгийг эмч ялган, оношилно. Хавдар бол энгийнээр тайлбарлахад ургацаг. Уйланхай ч мөн адил хортой, хоргүй үүсгэвэр. Тэгэхээр хортой, үгүйг нь эхлээд шинжлүүлэх шаардлагатай. Шинжилгээ нь зүгээр гарвал физиологийн явцад үүссэн гэж үзнэ. Эхийн хэвлийд байхаас үүссэн уйланхайг заавал мэс заслаар авхуулдаг. Энэ нь ховор тохиолддог бөгөөд гүйцэд хөгжөөгүй эд, эс байдаг тул хугацаа алдвал яс, шүд хүртэл ургадаг. Хорт хавдар болох эрсдэлтэй гэсэн үг. Мөн уйланхайн өндгөвчид бэхлэгдсэн хэсгийг хөл гэдэг. Хөл рүүгээ мушгирсан тохиолдолд яаралтай хагалгаа хийлгэх заалттай.
-Уг өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Бэлгийн харьцааны үед, энгийн байхад ч хэвлийн доод хэсгээр, давсагны орчимд өвдөнө. Бэлгийн дур хүсэл буурах, шээсний гаралт өөрчлөгдөх, сарын тэмдгийн мөчлөгийг өөрчлөх, саатуулах, хагарсан тохиолдолд дотор муухай оргих, бага зэрэг халуурч болно. Мөн хэвлий томрох, илэхэд үүсгэвэр мэдрэгдэх, таргалах, биед үс ургах нь ч бий.
-Ямар тохиолдолд эмчид хандах вэ?
-Өндгөвчийн уйланхай жижиг хэмжээтэй үед ямар нэгэн зовуурьгүйгээс гадна биднийг мэдээгүй л байхад алга болдог. Гэхдээ томорвол эмчид үзүүлж, хяналтад байх шаардлагатай. Мэдээж уйланхайтай, эсэх, томорсон, үгүйг нь шинжилгээгээр илрүүлнэ. Үүнд дотуур үзлэг, ЭХО, цусны болон рентген, дурангийн, CT ч хийдэг. 35-аас дээш насны эмэгтэйчүүд уйланхайтай нь оношлогдсон л бол хавдрын маркер заавал хийлгэх шаардлагатай. Залуу эмэгтэйчүүдэд үүссэн уйланхай нь хоргүй бол мэс заслаар авч болно. Харин настайчуудад киста нь том хэмжээтэй, хортой байх магадлалтай байдаг тул мэс заслын эмчилгээ хийдэг. Сүүлийн үед уйланхайг түлэх, дурангаар соруулах эмчилгээ нэвтэрсэн.