Лхагва гарагт АНУ-ын байнгын төлөөлөгчийн газар “Хонконг дахь бий болоод байгаа нөхцөл байдал болон БНХАУ-ын хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Хонконгийн ардчилсан институци болон иргэний эрх чөлөөнд аюул учруулахуйц үндэсний аюулгүй байдлын хуулийн талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг хуралдахыг уриалсан” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн аж. Үүний хариуд БНХАУ НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүний хувьд уг саналын няцаасан байна. Хятадын байнгын төлөөлөгч Жан Жун хэлэхдээ санал болгож буй сэдэв нь "Аюулгүйн Зөвлөлийн хэлэлцэх хүрээний асуудалтай ямар ч холбогдолгүй" гэжээ. “БНХАУ АНУ-ын талаас тавьсан Аюулгүй Зөвлөлийг хуралдуулах үндэслэлгүй хүсэлтийг эрс няцааж байна. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь зөвхөн Хятадын дотоод хэрэг юм" гэж тэрбээр Твиттер хуудсаараа мэдэгдсэн байна. Энэ сарын 22-нд болсон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн чуулганаар Хонконгийн аюулгүй байдлын тухай шинэ хуулийн төслийн баталсан юм. Төслийн гол зорилго нь засаг захиргааны энэ тусгай бүсэд нийтийн дэг журмыг илүү үр дүнтэй байлгах тусгай механизмыг бий болгоход оршиж байгаа аж. Уг хуулийг Хонконгийн оршин суугчид хүчтэй эсэргүүцээд зогсохгүй барууны орнууд ч гэсэн Бээжинг “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчиж байна хэмээн үзэж байгаа юм. Харин Хонконгийн удирдлагууд уг иөслийг иргэдийн хууль ёсны эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй хэмээн дэмжиж байгаа аж.