ДУГААРЫН ОНЦЛОХ СЭДЭВ: Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр
“Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ийн 8.7-д хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг бүрмөсөн халах зорилго тавьсан байдаг. Энэ дагуу Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг хориглох, устгах чиглэлээр шуурхай, үр дүнтэй арга хэмжээ авч, албадан хөдөлмөр хийлгэх явдлыг арилгаж, хүүхдийн бүх хэлбэрийн хөдөлмөр, түүний дотор цэргийн албанд дайчлахыг 2025 он гэхэд эцэс болгох үүргийг Монгол Улс хүлээсэн билээ. Мөн олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 182, Насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцод нэгдсэн. Үүнээс гадна хөдөлмөрийн аюулгүй байдал, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэр, насанд хүрээгүй хүүхдийн ажлын байр, хөдөлмөр эрхлэлт, түүний харилцааг зохицуулсан 10 гаруй конвенцод нэгдэн орсон. Тэгсэн атлаа олон улсын өмнө хүлээсэн зарим үүргээ биелүүлдэггүй. Жишээ нь, Насны доод хязгаарын тухай 138 дугаар конвенцод нэгдсэн дэлхийн олон улс Хөнгөн ажлын байрны жагсаалт баталж, хүүхдүүдээр насны онцлог, сэтгэхүйд нь тохирсон, хүмүүжил төлөвшилд нь эерэг нөлөө үзүүлэхүйц ажил хийлгэдэг аж.
Харин манайхан ийм жагсаалтыг өнөөдрийг болтол батлаагүй, хүүхдүүд хар, бор ажил хийж, эндэж, гэмтсээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг хөгжүүлэх хөнгөн ажлын байр дутмаг байна. Манай хууль, тогтоомжоор 15 хүртэлх насныхан зөвхөн орон гэртээ эцэг, эх асран хамгаалагчдаа туслах байдлаар хөнгөн ажил хийж болно. Цалин авах ашгийн зориулалтаар ажиллуулж болохгүй. Гэтэл урд хөрштэй хил залгаа аймгийн зарим иргэн БНХАУ руу хүн тээвэрлэдэг жолооч нарт итгэмжлэл хийж өгөн, хүүхдээрээ мал маллуулахаар явуулдаг гэх мэдээлэл ч бий. Хөдөөгийн иргэд ч бага насны хүүхдээ ганцааранг нь хонь малд явуулж, уурхайд ажиллуулах тохиолдол гардаг. Үүний улмаас хүүхэд эндсэн удаатай. Улаанбаатар хотын жаалууд гудамж талбайд гуйлга гуйхаас авхуулаад хөдөлгөөнт наймаа эрхэлж, ачаа буулгах, зөөх нь олонтоо. Мөн насанд хүрээгүй хүнийг биеийг нь үнэлүүлэх, садар самуунд уруу татах хэрэг ч гардаг. Монголд ийм хэрэг үйлдсэн нь нотлогдвол Эрүүгийн хуульд зааснаар зорчих эрхийг нь хязгаарлах, торгох, эсвэл 1-8 жил хорих ялтай.
Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтаар ч энэ бүгдийг хориглосон. Өөрөөр хэлбэл, 18 нас хүрээгүй хүний амьдрал, эрүүл мэнд, зан суртахуун, аюулгүй байдал, хөгжилд сөрөг нөлөө бүхий ажлын байранд ажиллуулах ёсгүй. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр нь тэдний сурч боловсрох, эрүүл байх боломжийг үгүйсгэж, ядуурлыг гүнзгийрүүлж байдаг тул НҮБ-аас үүнийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж тодорхойлжээ. Улмаар хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийг халах зөвлөмжийг манай Засгийн газарт удаа дараа өгсөн байдаг. Үүнээс гадна олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас нэлээд хүчин чармайлт гаргаж байж хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн асуудлыг Засгийн газрын анхааралд оруулсан. Өөрөөр хэлбэл, тус байгууллагаас нэлээд шахаж шаардаж байж Засгийн газраас Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлуулсныг хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан бус секторынхон ярьдаг юм билээ. Энэ жагсаалт нь албан ба албан бус хэвшлийн алинд нь ч хамаатай. Харамсалтай нь, хувийн секторт эл жагсаалтад орсон зүйлүүдийг бүрэн дүүрэн мөрддөггүй аж. Хөдөлмөрийн тухай хуульд 2015 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг тусгасан. Үүнд бас л олон улсын Хөдөлмөрийн байгууллагын хүчин зүтгэл орсон гэдэг.
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжилд сөргөөр нөлөөлж, улмаар насанд хүрэгчдийн хөдөлмөр эрхлэлт, цалин хөлсийг бууруулах үр дагавартай. Цаашлаад хувь хүн, гэр бүл, макро эдийн засагт ч сөрөг нөлөөтэй гэнэ лээ. Улмаар тэвчишгүй хөдөлмөрийн улмаас хүүхдүүд бие махбод, сэтгэл санааны хүндхэн сорилт давдаг. Энэ нь зарим тохиолдолд насан туршийн эмгэг болж үлддэг аж. Гэтэл Монголын нөхцөлд айлын ууган хүүхдүүд гэр орны ажилд нухлагдаж, дүү нараа халамжлан, сурч боловсрох эрхээ хязгаарлуулсаар байна. Ингэснээр өөртөө итгэлгүй нэгэн болж, хожим нь зүгээр л ажлын боол болон хувирдгийг сэтгэл судлаачид тогтоожээ. Үүнээс гадна хүүхдүүд түргэн хоолны газар, бааранд зөөгч, үйлчлэгчээс авхуулаад худалдааны төвүүд, бүр хогийн цэгт ажиллах нь бий. Зуны амралт нь эхлэнгүүт зарим эцэг, эх тэднийг “Сургалтын төлбөрөө ол, үгүй ядаж дэвтэр ном, хувцасны мөнгө хуримтлуул” хэмээн “хөөж” гаргадаг гэх. Мөн орон нутгийн иргэд бусдын мал маллах нь олонтоо. Хүүхдүүд ихэнх тохиолдолд аав, ээжээ даган бусдын нэргүй зарц хийдгийг ХЭҮК-ынхон хэлсэн юм.
Томчуудын энэ мэт эрх зүйн наад захын мэдлэггүй, хайхрамжгүйгээс хүүхдүүд хохирч, хүнд хүчир ажилд нухлуулсаар байна. Албан бус секторынхон үүнийг далимдуулан хүүхдийг ажиллуулчихаад цалин хөлсийг нь өгөөгүй тохиолдол бий. Тухайлбал, “Шөлөндөө” түргэн хоолны газрынхан насанд хүрээгүй хүн ажиллуулж, улмаар цалинг нь өгөөгүй зөрчил гаргажээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас тухайн байгууллагад шаардлага тавьж, хүүхдийн ажлын хөлсийг нөхөн олгуулсан байна. Уг нь Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн харилцаа үүссэн л бол гэрээ байгуулна гэж заасан. Гэвч үүнийг биелүүлдэг албан байгууллага, аж ахуйн нэгж ховор. Энэхүү үл хайхрах хүчирхийлэл нь нэг төрлийн тэвчишгүй хөдөлмөр гэнэ. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн асуудлыг эрх баригчид олон жил ярьсан. Тийм хэрнээ уг асуудлыг бүрэн халж, хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хараахан биелүүлж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газар олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй, наад зах нь хөнгөн ажлын байрны жагсаалт ч батлалгүй, нүдэн балай, чихэн дүлий мэт байсаар 2025 онтой золгох бололтой. Хөнгөн ажлын байрны жагсаалтаа хэзээ баталж, хүүхдүүд хөдөлмөрлөнгөө хөгжих боломжтой болох вэ, эрх баригчдаа.
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.ХАЛИУН: 6-8 дугаар сард хяналт шалгалт хийнэ
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунтай хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцлаа.
-Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн хэлбэрүүд Монголд бий юү. Үүнтэй хэрхэн тэмцэж байна вэ?
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Олон улсын хөдөлмөрийн байгууллага, ХЗДХЯ-тай хамтран хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг гэмт хэрэг гэж үзэх, олон улсын хэм хэмжээнд нийцүүлэх чиглэлээр ажиллан, Эрүүгийн тухай хуульд хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхийг гэмт хэрэгт тооцож, хуулийн 16.10.1-т хүүхдээр аюултай ажил, эрүүл мэнд, бие бялдар, оюун санаанд нь хохирол учруулахуйц, хориглосон ажил, үйлчилгээ зориуд эрхлүүлсэн бол хорих заалт тусгасан. Хөдөлмөрийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг олон улсын хэмжээнд нийцүүлэн 15 болгосон гэх мэтчилэн хууль, эрх зүйн томоохон өөрчлөлт хийлээ. Мөн Барилгын тухай хуульд тодорхой өөрчлөлтүүд орсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2018 онд аж ахуйн нэгж, байгууллагуудтай байгуулдаг гэрээндээ “Хүүхдийн хөдөлмөрийг устгах, хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхгүй байх” заалт нэмж тусгасан.
2016 онд шинэчлэн баталсан Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтад барилга, уул уурхайн салбарын бүх ажилд хүүхэд ажиллуулахыг бүрмөсөн хориглож, мөн хөдөлгөөнт худалдаа эрхлэх, жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд уралдаан, сунгаа, үсэргээнд 16-гаас доош насны хүүхдээр хурдан морь унуулахыг болиулсан.
-Хэчнээн ажил мэргэжлийг хориглодог вэ?
-Хориглосон жагсаалтад 11 салбарын 59 ажил мэргэжил бий. Тус жагсаалтын хэрэгжилтэд МХЕГ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ)-ын хүүхдийн эрхийн болон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавьж байна. Тухайлбал, 2019 онд баар, зочид буудал, массаж, сауны газарт насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосны дагуу урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн. Шалгалтын явцад насанд хүрээгүй 17 иргэнийг хориотой ажлын байранд ажиллуулж байв. Мөн хууль бус хөдөлмөрийн гэрээг цуцлуулж, зарим хүүхдийг цалингүй ажиллуулан хохироож байсныг илрүүлж, цалинг нь нөхөж олгуулсан. Улмаар найман заалт бүхий зөвлөмжийг 18 байгууллагад өгч, 82 ажилтанд хүүхдийн хөдөлмөрийн талаарх мэдээлэл өгөх сургалтад хамруулсан.
-Хүүхдийг эрхийг зөрчиж хөдөлмөрлүүлэх явдал хаана хамгийн түгээмэл байна вэ?
-Ер нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлт сүүлийн гурван жилд буурсан. Хөдөө аж ахуйн салбарт хүүхдийн хөдөлмөр түгээмэл гардаг. Орон нутагт айлд туслах малчнаар ажиллаж байгаа өрхийн хүүхдүүд айлд хөлстэй, хөлсгүйгээр мал маллах, морь унах зэрэг ажил эрхэлж байна. Эцэг, эхчүүд хүүхдээ өрхийн аж ахуйдаа туслуулж байна гэх боловч жагсаалтаар хориглосон тоосго, цементийн үйлдвэр, ноос, ноолуур угаах, ялгах цехэд ажиллуулдаг. Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэй учраас энэ бүгдийг жагсаалтаар хориглосон. Насан туршийн эмгэгтэй болох эрсдэлтэй. Мөн дулааны улирал эхлэнгүүт иргэд гар аргаар алт болон байгалийн өнгөт чулуу, вольфрам олборлох ажилд хүүхэд оролцуулдаг. Эдгээр зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож байна. “Ковид-19” цар тахлын үед хорио цээрийн дэглэм тогтоон, мөрдөж байгаа ч хүүхдүүд эцэг, эхийнхээ ажилд туслах зорилгоор зах, худалдааны төвүүдэд ачаа бараа зөөж, жижиглэн худалдаа эрхэлсээр байна. Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн 2020 оны төлөвлөгөөнд Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтын хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх ажил туссан. 6-8 дугаар сард хяналт шалгалт хийнэ. Энэ үед хүүхдүүд олноор хөдөлмөр эрхэлдэг.
2020 оны нэг, хоёрдугаар улиралд цагдаа, мэргэжлийн хяналтынхантай хамтраад гудамж, талбай, орц хонгилд байгаа хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлсэн. Тэд ямар нэг байдлаар хөдөлмөр эрхэлж байсан.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Мэдээллийн баазаа өргөжүүлэхийг зөвлөжээ
Олон улсын хөдөлмөрийн байгууллага 1919 онд байгуулагдсан цагаасаа хойш хүүхдийг хөдөлмөр эрхлүүлдэггүй болгохыг гол зорилтуудынхаа нэгээр тодорхойлжээ. Эл зорилгодоо хүрэхийн тулд ажил, хөдөлмөр эрхлэх насны доод хязгаарыг заавал хамрагдах ёстой дунд сургууль төгсөх наснаас бууруулахгүй байхаар конвенцдоо тусгасан аж. Өөрөөр хэлбэл, 18 нас хүрээгүй хүнээр ёс суртахуун, бие, сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учруулах магадлал өндөр ямар ч ажил хийлгэхийг хоригложээ. Бүрэн бус боловсролын сургууль төгсөх буюу 15 нас ажил хийж эхлэх насны хамгийн доод хязгаар юм. Улмаар олон улсын хамтын нийгэмлэгээс зэмлэн буруушаадаг хүүхдийн хөдөлмөрийн ангилал гаргаснаар тэвчишгүй ажил хийлгэх нь буурчээ. Хөдөлмөрийн зах зээлд хүүхэд ажиллуулах насны хязгаар тогтоосон нь бага насны хүүхдээ хүнд ажил хийлгэхгүй байх хамгийн үр нөлөөтэй аргуудын нэг болсон гэнэ.
Эрүүл мэнд, аюулгүй байдалд нь эрсдэлгүй, сурах, мэргэжлийн чиг баримжаатай болоход саад болохгүй бол 13-15 насны хүүхэд хөнгөн ажил хийхийг олон улсад зөвшөөрдөг. Гэвч тухайн улс орны ядуурал, эдийн засгийн байдал хүүхэд хөдөлмөр эрхлэх, бага цалин авах, ялгаварлан гадуурхагдах, нийгмээс тусгаарлагдахад хүргэдгийг Дэлхийн банкнаас Бразилд хийсэн судалгаа харуулсан. Өдгөө манай гарагт хөдөлмөрлөж буй хүүхдүүд гэр бүлээ амь зуухад туслахын тулд аюултай нөхцөлд ажилласаар байна. Тиймээс жил бүрийн зургадугаар сарын 12-ныг Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөртэй тэмцэх олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Хүүхэд боловсрол эзэмшихэд саад болсон ядууралтай илүү үр нөлөөтэй аргаар тэмцэхийг дэлхийн улсуудын Засгийн газар, иргэний нийгмийн байгууллага, компаниудад НҮБ-ын Хүүхдийн сангаас (ЮНИСЕФ) уриалжээ. “Хүүхдээр ажил хийлгэхийг зэмлэн буруушаах, хориглох нь хангалтгүй” гэж тус сангийн тэргүүн Кристиан Шнайдер тэмдэглэсэн байна. Сүүлийн 10 жилд ажил эрхэлдэг хүүхдийн тоо эрс буурч, 2000 онд 246 сая байсан бол 2016 онд 152 сая болжээ. Үүнээс хойш уг үзүүлэлт буурах хурд саарсан гэнэ. “Хэрэв ажил хийдэг хүүхдийн тоо буурах хандлага саарсан хэвээр үргэлжилбэл 2025 онд дэлхий даяар 121 сая хүүхэдхөдөлмөрлөсөөр байна” гэж ЮНИСЕФ-ийн мэдэгдэлд дурджээ. Өмнөд Америкийн орнуудын ядуу өрхөд хүүхдээ сургахад нь зориулж тэтгэмж өгсөн, Кени, Танзани зэрэг Африкийн хэд хэдэн улс дунд сургуулийг төлбөргүй болгосон ч гэр бүлээ тэжээхийн тулд ажиллаж буй хүүхдийн тоонд нөлөөлөөгүй аж.
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэхгүй байхын тулд үлэмж хүчин чармайлт гаргаж буй ч хамрах цар хүрээ, үр дүн нь хангалтгүй байна. Тиймээс юуны түрүүнд мэдээллийн баазыг өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөрийн үр дагавар, хамрах хүрээний талаарх мэдээллийн чанарыг сайжруулах хэрэгтэй. Дараа нь сургуулийн өмнөх түвшнийхээс эхлээд их сургууль хүртэл хүүхдэд боловсрол олгох, мэргэжил эзэмших боломжийг тэлж, боловсронгуй болгох талаар санаа тавих нь зүйтэй. Харин дараа нь бага орлоготой гэр бүлийн хүүхдүүдэд тэдгээрийг ашиглах арга хэрэгслийг хайх ёстой гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн Олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенц зэрэг олон улсын шинжтэй хууль, журмыг ч байнга шинэчилж, заалтууд нь мөрдөгдөж байгаа, эсэхэд тавих хяналтыг чангатгах хэрэгтэй аж.
Цар тахлын “ачаар” хөдөлмөр эрхлэх үрс цөөрчээ
“Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн автобусанд хэдхэн хоногийн өмнө 7-8 настай болов уу гэмээр хүүгээ дагуулж явсан хостой таарсан юм. Уйлж суугаа эхнэрээ халамцуу нөхөр нь аргадах хэдий ч тэр эмэгтэй амнаасаа ганц ч үг унагалгүй байсаар МУБИС-ийн автобусны буудалд буучихав. Ядруу харагдах тэр эмэгтэйг өрөвдөж байсан ч төд удалгүй зэвүүцэх болсон юм. Ажлаа тараад буцах замдаа өнөөх эмэгтэйтэй дахин таарсан минь ингэж зэвүүцэхэд хүргэв. Автобусанд хамт явсан хүүгээ хажуудаа суулгаж, ой ч хүрээгүй нялх хүүхэд тэврэн гуйлга гуйж суух нь тэр. Өмнөө тавьсан цаасан дээр “Нялх хүүхэд сүүний мөнгөгүй байна” гэж бичжээ. Хажуугаар нь зөрөх хүмүүс өнөөх хүүхэд рүү өрөвдсөн харцаар ширтэж, задгай хэдэн төгрөг хайрцагт нь хийж байлаа. Юм асуухад өнөөх эмэгтэй хуруугаа дохиж, амаа ангалзуулахаас өөрийг хийж чадсангүй. Тэрбээр сонсголгүй аж. Хүүхдээ өсгөж, хүмүүжүүлэх үүрэгтэй эцэг нь тэднийг гудамжинд орхижээ. Энэ мэт эцэг, эхийнхээ мөнгө олох “хэрэгсэл” болж, эрх нь зөрчигдсөн, хүнд хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн талаар сурвалжиллаа.
Олны хөлд дарагдсан “Нарантуул” зах насанд хүрээгүй хүүхдүүдийн хөдөлмөр эрхлэх хамгийн “таатай” орчин. Ачаа зөөх, бараа худалдах, гуйлга гуйх, микро автобусны кондуктор ч хийж болдог эл газрын хаалгаар нь орж ч амжаагүй байхдаа Ууганбаяр гэх хүүтэй таарлаа. “Гахай” цүнхнээс 10 гаруй гутал гарган жижиг хөөсөнцөр хайрцаг дээр өрөв. Хажууд нь улавч, оймс, үдээс зэргийг түрдэг тэргэнд ачиж зогссон эмэгтэй “Жин авчирсан. Эгчдээ жингээ үзүүлэх хүн олж өгвөл шагнана шүү” гэж хүүд хэллээ. Ууганбаярынх Сонгинохайрхан дүүргийн XIV хороо, Цамбагаравт байдаг. Хичээл нь орохгүй байгаа учир аавдаа тусалж, гутал зөөж, зарж, жин “ажиллуулж” хэдэн төгрөг олдог аж. Тэрбээр “Аавдаа тусалж хааяа энд ирдэг юм. Энд хүмүүст тусалж өгөөд хэдэн төгрөг авдаг” гэв. Тус захын хүүхдийн тоглоом зардаг хэсэгт очлоо. 14 настай Ариунзул охин эгчдээ тусалж, лангуунд нь зогсож байв. Тэднийх энд хоёр лангуу түрээсэлдэг гэнэ. Ээж нь нөгөө лангуундаа суудаг бөгөөд эгч, дүү хоёр эндээ наймаа хийдэг аж. Ямартай ч энэ хүүхдүүд гэр бүлийнхэндээ туслахаар ажил хийдэг болж таарав. Харин эцэг, эхийнхээ дарамт шахалтаар, гэр бүлээ тэжээхийн тулд бусдын гар, хөлийн үзүүрт зарагддаг хүүхдүүд “Нарантуул”-д бараг ирэхээ больсон гэж тэндхийн худалдаачид хэлж байв. Энэ талаар тэрэг түрдэг Г.Бадам “Одоо хүүхдүүд ирж ачаа ачиж, тэрэг түрэхээ больсон. Цар тахлаас болж хүн багасаж, хараа хяналт чангарсан тул хүүхдүүдийг ажиллуулахыг хориглосон юм. Энд ажиллаж байгаа хүүхдийн олонх нь аав, ээждээ тусалж, хөдөлмөр эрхэлж байгаа. “Нарантуул”-аас хоногийн хоолоо залгуулж байсан хүүхдүүд одоо хаагуур юу хийж явааг мэдэхгүй. Ямартай ч энд ажилладаг хүүхдүүд сүүлийн таван сар ирсэнгүй” гэлээ. Микроны жолооч нар “Насанд хүрээгүй хүүхдүүдийг ажиллуулахаа больсон. Гадуур хөл хөдөлгөөн багассан учир зарим өдөр микро автобус явахгүй байгаа” гэв.
“Барс” худалдааны төвд очиход ус, ундаа, архи, шар айргийн дэлгүүрүүдэд ачигч хийдэг хүүхдүүд мөн л цөөрсөн талаар худалдагчид нь хэллээ. “Хичээл орохгүй, эдийн засаг тааруу, борлуулалт муутай энэ үед өөрсдийн хүүхдүүдээ ажиллуулж мөнгөө хэмнэх болсон” гэж нэгэн худалдагч ярьсан юм. Барилга болон автомашин угаалгын газар ч үүнтэй адил дүр төрхтэй байв. Чингэлтэй дүүргийн нутаг, Баянбүрдийн тойргийн зүүн хойд талд байрлах автомашин угаалгын төвд өмнө нь 4-6 хүүхэд ажилладаг байсан бол өдгөө нэг нь ч харагдсангүй. “Цар тахлаас үүдэн хөл хорьсон тул хүүхдүүд ажиллах боломжгүй болсон” гэж тэнд ажиллаж буй эмэгтэй хэллээ. Ойр хавьд нь автомашин угаалгын өөр газар байхгүй тул тэднийх олон үйлчлүүлэгчтэй аж. Тиймээс хүүхдүүдийг ажлын байраар хангаж, тохирсон хөлсийг нь өгдөг байжээ. Тоглоомын төв, кинотеатр, хоолны газруудын үүдэнд сууж гуйлга гуйдаг хүүхдүүд ч “алга болж”. Үйлчилгээний газрууд 22.00 цагт хааж байгаа учир хөл хөдөлгөөн багассантай энэ нь холбоотой болов уу. Улсын их дэлгүүр, “Өргөө” кинотеатр, МУБИС-ийн автобусны буудалд хүүхдүүд хамгийн ихээр гуйлга гуйдаг. Харин эл газруудад уржигдар 20.00-23.00 цагт гуйлга гуйсан нэг ч хүүхэд харагдсангүй. Цар тахлаас үүдэн хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурсан, эсвэл далд хэлбэрт шилжсэн үү гэдгийг таахад бэрх.
БАЙР СУУРЬ
Тэвчишгүй хөдөлмөр эрхэлж буй хүүхэд манай улсад цөөнгүй. Тэдний эрхийг хамгаалах ёстой төрийн болон төрийн бус байгууллагууд хэрхэн ажиллаж, юу хийж байна вэ.
Насанд хүрээгүй 86 хүн хөдөлмөр эрхэлж байсан
Н.ХӨХӨӨ (Нийслэлийн ГБХЗГ-ын Гэр бүлийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн)
-Монгол Улс Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг анх 1996 онд баталсан. 2016 онд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хууль болгон шинэчилсэн юм. Уул уурхайд ажиллах, хурдан морь унах, гуйлга гуйх зэрэг хүүхдийн нас, бие, сэтгэхүйн чадвараас хэтэрсэн ажлыг“хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр” гэдэг. Гэхдээ энэ нь хүүхэд ажил хийж огт болохгүй гэсэн үг биш. Биеийн онцлогт тохирсон, хөнгөн ажлыг аав, ээждээ туслах зорилгоор хийж болно. Гадуур наймаа хийж, байрны орцод амьдарч байгаа, эрх нь зөрчигдөж буй хүүхдийг ЦЕГ-тай хамтран илрүүлж байна. Тэднийг ар гэрт нь хүргэх, эсвэл төрийн хамгаалалтад авдаг. Ингэхдээ хүүхдийн эрхийн байцаагч ээж, аав нь тэдний эрхийг зөрчсөн, эсэхийг тогтоож, Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Ихэвчлэн орлогогүй, архинд донтсон, хэвтрийн өвчтэй хүмүүсийн хүүхдүүд ажил хийж, гэрээсээ дайждаг. Энэ онд цагдаагийн алба хаагчидтай хамтран хараа, хяналт сул 130 хүүхэд илрүүлсний 16-гийнх нь эцэг, эхэд хуулийн дагуу арга хэмжээ авсан. Мөн авто угаалга, замын хажуугаар наймаа хийх, айлын мал маллах зэрэг хүнд хөдөлмөр эрхэлж байсан 86 хүүхдийг олж тогтоолоо.
Хүүхэд оролцсон гэмт хэрэг 131 бүртгэгдлээ
Б.МӨНХЖАРГАЛ (НЦУГ-ын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, ахмад)
-Гэмт хэрэг, ахуйн осол, золгүй байдлаар хоногт 2-3 хүүхэд эрүүл мэндээрээ хохирч, амиа алдаж байна. “Хүүхэд хамгаалал” арга хэмжээний хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний томоохон төв, зах, дэлгүүр, гудамж талбай, хогийн цэг, машин угаалгын газар, орц хонгил, РС тоглоомын зэрэг газраар хяналт шалгалт явуулдаг. Энэ онд эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй байж болзошгүй 22, хараа хяналтгүй 130, хөдөлмөр эрхлэгч долоо, гуйлга гуйдаг болон тэнэмэл тус бүр зургаа гээд нийт 171 хүүхдийг илрүүлж холбогдох албаныханд хүлээлгэж өгсөн. 2020 оны эхний улиралд хүүхэд оролцсон гэмт хэрэг 131 бүртгэгдлээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 12.9 хувиар өссөн үзүүлэлт.
24.5 хувь нь сургуульд суралцаагүй байв
А.ДЭЛГЭРМАА (Хүүхдийг ивээх сангийн мэдээлэл, харилцааны ажилтан)
-Манай байгууллага хүүхдийн эрхийг хангах чиглэлээр жилд 35 мянган хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг. Хүүхэд хамгаалал, боловсрол, оролцоо, ядуурлыг бууруулах чиглэлээр төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. 2012 онд ХЭҮК, Үндэсний статистикийн хороотой хамтран хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг судалсан. Судалгаагаар 5-17 насны 171 677 хүүхдийн 24.5 хувь нь сургуульд суралцаагүй байв. Хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас авах төлбөрийн чадваргүй зэрэг шалтгааны улмаас сургуульд хамрагдаагүй байна. Мөн 10-17 насны хүүхдүүд гэрийн ажилд туслах, өрхийн орлогод нэмэр болох, эцэг, эх нь өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй учир ажил хийж, сургуульд сураагүй хэмээн хариулсан байсан.
Амьдрахын эрхэнд хүнд хөдөлмөр эрхэлдэг
Д.ЦЭНД (“Эрдэм” төвийн үүсгэн байгуулагч)
-Манай асрах төв үйл ажиллагаа явуулаад 14 жил болсон. Энэ хугацаанд 100 гаруй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлжээ. Зам дагуу бохь, машины үнэртүүлэгч зардаг, тэрэг түрж, гуйлга гуйх зэргээр хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд цөөнгүй. Төр, засаг энэ асуудалд илүү анхаарч, эдгээр хүүхдийн ар гэр, амьдрах орчныг сайжруулах хэрэгтэй. Хүүхэд тухтай орчинд, гэдэс цатгалан байвал гэрээсээ дайжиж, хүнд хөдөлмөр эрхлэхгүй шүү дээ. Манай улсын олон хүүхэд тоглож наадах насандаа ажил хийж, хүчирхийлэлд өртөж буйд харамсаж байна. Монголд асрамжийн 30 гаруй газар үйл ажиллагаа явуулж, жилд дунджаар 3-4 хүүхэд улсаас хүлээж авдаг. Тэдний мэдээлэл, хувийн хэргийг харахад олонх нь архичин аав, ээжтэй, эсвэл бүтэн өнчин учраас амьдрахын эрхэнд хүнд хөдөлмөр эрхэлж байсан нь харагддаг.