УИХ-д нэр дэвшигчид тодорч, сонгуулийн уур амьсгал нэгэнтээ орж эхэллээ. Энэ цаг үед олон нийт улс төрийн намууд, нэр дэвшигчдэд түлхүү анхаарлаа хандуулж байгаа ч сонгуулийн чухал асуудал болох сонгогчид, тэдний идэвхтэй оролцоо, ирцийн талаар анхаарлаа мөн хандуулах шаардлагатай байна. Тэгвэл шинэ, залуу сонгогчид маань сонгуульд санал өгөхөд бэлэн үү?
Ардчиллын чанарыг илэрхийлдэг нэг гол үзүүлэлт нь сонгогчийн идэвхтэй оролцоо, ирц болдог. Бид ардчилсан иргэний хувьд эрх барих, төлөөллийн байгууллагаа чөлөөтэй сонгох чухал эрхээ эдэлнэ гэсэн үг. Гэтэл энэхүү чухал эрхээ эдлэн, сонгуульд саналаа өгөх сонгогчийн ирц, ялангуяа залуучуудын хувьд улам буурсаар байна. УИХ-ын 2016 оны сонгууль 73.7 хувийн ирцтэй буюу 1.42 сая хүн санал хураалтад оролцжээ. Энэ нь 2012 оны сонгуулийнхаас 6.4 хувиар өссөн боловч өмнөхүүдээс нь буурсан үзүүлэлт юм. Сонгогчдын идэвх нь нас ахих тусам нэмэгддэг дүр зураг бий. 2016 онд 18-25 насны залуучуудын сонгуулийн идэвх хамгийн муу байжээ. Энэ насныхны хоёр хүн тутмын нэг нь сонгуульд оролцоогүй байна. Тодруулбал, 18-30 насны 300 мянга гаруй сонгогч саналаа өгөөгүй нь нийт санал хураалтын бараг 25 гаруй хувь болж байгаа нь харамсалтай.
Залуучуудын сонгуулийн идэвхгүй байдал нь Монгол төдийгүй дэлхийн улс орнуудад ч тулгардаг асуудал юм. АНУ-ын “MIT election lab”-ийн судалгаагаар сонгуульд идэвхтэй оролцдог нийгмийн сигмент нь голдуу дунджаас дээш настай, гэрлэсэн, боловсролтой, орлоготой байдаг гэнэ. Мөн сонгуульд эмэгтэйчүүд түлхүү саналаа өгдөг юм байна. Британид хийсэн нэгэн судалгаагаар залуучууд сонгуульд оролцдоггүй шалтгаан нь улс төрийн намуудыг өөрсдийн төлөөлөл гэж үздэггүйгээс болдог гэжээ. Түүнчлэн АНУ-ын Тафтс их сургуулийнхан залуучуудын 20 хувь нь сонгуульд хэрхэн оролцох талаар мэдээлэл, мэдлэг хомсоос болдог гэж дүгнэсэн байна. Тэдний хувьд сонгуульд оролцох, олон намын нэр дэвшигч сонгох, санал авах үйл явц хэт төвөгтэй мэт санагддаг гэж хариулжээ.
Сонгуулийн идэвхгүй залуучуудыг залхуу гэж зэмлэхээс илүү санал өгөхгүй байгаа шалтгааныг тодруулан, оролцоог нь нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлэх нь чухал. Монголчуудын хувьд сонгогч гэсэн имиж нь залуу хүн гэхээс илүү дээл өмссөн, өндөр настан, нийгмийн хэт их хэнээтэй хүн мэт дүр бий болгосон гэхэд хилсдэхгүй. Ийм имиж сонгууль зөвхөн настайчуудын, эсвэл хуучинсаг хүмүүсийн сонирхох зүйл гэсэн мессежийг залуучуудад өгч, тэднийг улам түлхдэг. Сонгуулийн сурталчилгааны материалд ашигласан зураг голдуу дунд, эсвэл ахимаг насны дүр байдаг нь СЕХ-ноос бэлдсэн сонгогчийн гарын авлагын доорх жишээнээс харагдана.
Сонгогчийн зан үйлд тухайн хүний орчин, хүрээлэл маш их нөлөөлдөг. Залуучуудын сонгуулийн идэвхэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл нь залуучуудын бүлэг буюу найз, нөхөрлөлийн хүрээлэл байдаг гэдгийг олон судалгаагаар баталжээ. Хэрэв эдгээр хүрээлэл нь сонгуульд саналаа өгдөггүй бол бусдадаа нөлөөлдөг. Энэхүү хүрээллийг амжилттай ашигласан жишээ бол АНУ-д 2012 оны сонгуульд фэйсбүүк ашигласан туршилт юм. Сонгуульд саналаа өгсөн хүн фэйсбүүкт “I voted” буюу “Би сонгуульд саналаа өгсөн” гэсэн тусгай товч өөрийн хуудсан дээрээ дарснаар тухайн хүний фэйсбүүкийн найз, найзын найз гэх мэтээр дамжин тэднийг сэдэлжүүлж, улмаар 340 мянган хүн санал өгчээ.
Залуучуудыг идэвхжүүлэхэд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь сонгуулийн кампанит ажлын мэдээлэл, сурталчилгаа сонгогчийн насны бүлэг бүрт тохируулсан мессеж бүхий байвал илүү үр дүнтэй байдаг аж. Сонгогчдод нийтэд нь зориулсан мессеж, сурталчилгаа ялангуяа залуучуудыг санал өгөх сэдэл төрүүлдэггүй байна. Залуу сонгогчдыг татахын тулд орчин үед хамгийн нөлөөтэй нь сошиал сүлжээ бөгөөд тэдний хамгийн их дагадаг инфлүүнсер буюу нөлөөлөгч хүнээр дамжуулан мессежээ түгээх нь үр дүнтэй байдаг. АНУ-д сонгогчдын боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болох Vote.org залуучуудын дунд од болсон алдарт дуучин Тэйлор Свифттэй сонгуулийн үеэр хамтран ажиллажээ. Дуучин 112 сая дагагчтай өөрийн инстаграм хуудсаараа сонгуульд оролцож, саналаа өгөхийг уриалж, үүнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Vote.org сайтаас авахыг зөвлөсөн байна. Энэ постын дараа уг цахим хуудсанд 24 цагийн дотор 155 940 хүн орж санал өгөх мэдээлэл авч, улмаар залуучууд саналаа өгчээ.
Залуучуудыг сонгуульд уриалах бас нэгэн сонирхолтой жишээ Японы “Сонгуулийн идэвхийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хийгдсэн цуврал комеди видео сурталчилгаа юм. Өндөр настай иргэдийн тоглосон “Залуучууд аа, сонгуульд битгий оролцоорой” гэсэн залуучуудыг өдөөн хатгасан, хошин агуулгатай видео сурталчилгааг 274 000 хүн үзжээ. Сонгуулийн сурталчилгаа дандаа залуучуудыг идэвхтэй оролцоорой гэдэг бол эсрэгээр битгий оролц гэвэл илүү үр дүнтэй гэж уг төслийнхөн тайлбарлажээ. Энэ санаа анх АНУ-ын сонгуулийн үеэр залуучуудыг битгий оролц, та нарын амьдрал, ирээдүйг бид шийднэ гэсэн өндөр настнуудын видео сурталчилгаанаас гарчээ. Залуу сонгогчдоо сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд дээр дурдсан шиг шинэлэг хэлбэрээр, нөлөөлөх хүрээллээр нь дамжуулан зөвхөн тэдэнд зориулсан мессеж бүхий, сошиал сүлжээг ашиглан түгээвэл илүү үр дүнтэй болно. Тухайлбал, уламжлалт ухуулга сурталчилгаа бус, инфлүүнсер, инстаграмаар дамжуулан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалах (тодорхой улс төрийн нам, нэр дэвшигчийг дэмжих бус) гэх мэт залуучуудад хурдан хүрэх арга замыг ашиглах хэрэгтэй байна. Залуу үеийнхэн сонгуульд идэвхтэй санал өгдөг болсноор тэдний иргэний идэвх, оролцоо сайжирч, улмаар ардчилал улам бэхжихэд чухал хувь нэмэр болно.