Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Дриймерс” нэгдлийн төлөөлөлтэй уулзлаа. Тус нэгдэл нь технологид суурилсан интернэтийн компани үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчдээс бүрддэг аж. Гарааны бизнес эрхлэгчдийг төрөөс хэрхэн дэмжих тухай бодлогын төслийг тэд Ерөнхий сайдад танилцуулжээ. Тус төслийг хэрэгжүүлэх боломжийг судалж, ажил хэрэг болгоход анхаарахыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт үүрэг болгов. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Инновацын тухай хуулийг УИХ-аас баталсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Иймд дагалдах журмууд болон шаардлагатай бусад хуулийг баталж, мэдээллийн технологийн компаниудыг татварын хөнгөлөлтөд хамруулан, санхүүгийн дэмжлэг үзүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарна. Орчин үед дижитал орон зай нийгмийн хөгжил, хүн төрөлхтний харилцаанд илүү чухал үүрэг гүйцэтгэдэг болсон. Тиймээс энэ салбарын хөгжлийг дэмжих нь зүйтэй” хэмээв. Мөн мэдээллийн эрин зуунд технологийн дэвшлийг ашиглаж, улс орондоо инновац нэвтрүүлж буй тэднийг Монгол Улсын Засгийн газраас бүх талаар дэмжихээ илэрхийлэв.
Бэлтгэсэн: Б.Анх