МАН-ынхан сонгуулийн зардлаа хандиваар босгоно гэж “гайхуулаад” байх хэрэггүй. Бусад нам, эвслийнхэн ч гайхаж, “басаад” байх шаардлагагүй. Угтаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийг харвал улс төрийн намын болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө болон хандиваар сонгуулийн зардлаа бүрдүүлэх ёстой, өөр арга зам байхгүй. Гэвч УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан намын болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх ойлголт тун бүрхэг, хэрхэн тайлбарлах нь тодорхойгүй. Жишээ нь, өөрийн гэсэн байртай МАН түрээсийн орлогоо намын хөрөнгө гэж хэлж болох ч тэр нь жирийн үед үйл ажиллагааны зардлыг л хаадаг гэлцдэг. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 56.5-д “Нам өөрийн өмчлөлийн хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг нам, эвслийн болон нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаанд ашиглуулж болох бөгөөд энэ нь хандивт тооцогдохгүй” хэмээсэн байх аж.
Мөн хэдэн зуун мянган гишүүнтэй хэмээдэг АН, МАН-д гишүүдийн татвар нь хөрөнгө болж чадах нь юу л бол. Гишүүдээсээ татвар авч чаддаггүй, цуглуулсан хэд нь юу ч болдоггүй гэдгийг аль аль намынхан хэлж ирсэн. Нэр дэвшигчийн хөрөнгө гэж юуг хэлээд байгаа нь бүр ч ойлгомжгүй. АН нэр дэвшихээр горилогчдоосоо “дэнчин” нэрээр 100 сая төгрөг хураасан нь “нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө” гэх ангилалд хамаарч, намын сонгуулийн зардлын тодорхой хэсгийг бүрдүүлж байна уу, ёстой бүү мэд. Тиймээс ч улс төрийн намын санхүүжилтийн чиглэлээр дагнан ажилладаг судлаачид “нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө” гэх ойлголтыг тодорхой болгож хуульчлахыг эрх бүхий хүмүүсээс нь шаардаж ирсэн ч өнөөдөртэй болгов.
Юутай ч сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах сурталчилгааны зардлаа хандиваар бүрдүүлэх нь өнөөгийн манай хууль, эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, санхүүжилтийн гол хэсгийг босгодог ганц арга гэдгийг дахин хэлье. Өнгөрсөн сонгуулиар ч ийм л зохицуулалт үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгуульд оролцох нам, эвслүүд төрийн аудитын дээд байгууллага болох Үндэсний аудитын газраас тогтоосон зардлын дээд хэмжээ болох 5.9 тэрбум төгрөгөөс хэтрүүлэлгүй хандив цуглуулж, түүнийгээ кампанит ажилдаа зарцуулах ёстой. Хуулиар хориглоогүй бол иргэн тав, хуулийн этгээд 20 хүртэл сая төгрөг хандивлаж болно.
Харин хандив хэр ил тод байдаг вэ. Хэн, ямар компани, байгууллага аль намд хэдэн төгрөг хандивласан тухай мэдээлэл иргэд, сонгогчдод нээлттэй юү. Үнэндээ ил тод бус, хаалттай учраас эндээс хамаг асуудал үүсдэг. Хуулийн зохицуулалт нь ч үүнийг өөгшүүлсэн гэлтэй. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэх заалт бий. Өөрөөр хэлбэл, тухайн нам, эвсэл хаанаас, хэнээс хэдэн төгрөг авав, түүнийгээ юу юунд зарцуулав гэдэг нь ирэх сарын 21-нд буюу үндсэндээ бүх зүйл дууссаны дараа л ил болох нь. Сонгогчдын хувьд мэдээлэл хамгийн их шаардлагатай кампанит ажлын үеэр нам, эвсэл хаанаас санхүүжиж, түүнийгээ юунд зарцуулж байгааг мэдэх бололцоо байхгүй гэсэн үг. Хэн хандивлаж болох, хаанаас авахыг нь хориглохын сацуу өгсөн мөнгөнийхөө эх үүсвэрийг хүртэл нотлохыг хуулиар шаардсан атал кампанит ажил дуусахтай зэрэгцэн тайланг ил болгох нь хэр ач холбогдолтой вэ. Уг нь сонгуулийн зардлын дансаа нээж, нийтэд мэдээлсэн мөчөөс л хэдэн төгрөгийн хандив цугларав, түүнийгээ юунд зарцуулав гэдэг нь ил тод байх ёстой бус уу. Чухам тэндээс өнөөх улс төр, бизнесийн бүлэглэлийнхнийг “илрүүлэх” боломжтой баймаар. Нам, эвслүүд хэр цэвэр мөнгөөр “сонгуульдсаныг” нь батлах тайлан, мэдээллийг хэзээ хойно ил болгох нь үр дүнтэй гэж үү. Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Хандивын талаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ” хэмээн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Хуульд заасны дагуу, хэзээ хойно нь нийтэд зарлахаа сүржин мэдэгдэв үү, эсвэл улс төрийн голлох хүчний хувьд санаачилга гаргаж, хандивын мэдээллээ кампанит ажлынхаа үеэр нээлттэй байлгах уу гэдгийг нь харж л байхаас.
Үнэндээ санал хураалтаас гурав хоногийн өмнө нийтэд мэдээлэх явцын тайлан тийм ч тодорхой байдаггүй. Сонгогч олон түмний сонжиж болохуйц, олон талын мэдээлэлтэй тайлан Үндэсний аудитын газарт л очдог. Тодруулбал, сонгуулийн зардлын дансанд орсон нийт орлогыг гүйлгээ тус бүрээр тайлагнаж, хандивлагч иргэн, хуулийн этгээдийн холбогдох мэдээлэл, хэдэн төгрөг өгсөн нь харагдахаас гадна зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээ, үлдэгдэл гээд бүгд байх учиртай. Гэвч нам, эвсэл сонгуулийн санал авах өдрөөс хойш 45 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан. Энэ удаагийн сонгуулийн зардлын тайланг гэхэд л ирэх наймдугаар сарын 8-ны дотор хүргүүлэхээр байгаа юм. Ингээд Үндэсний аудитын газар тайлангуудыг хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор хянаж, дүнг нийтэд мэдээлэх ёстой. Ирэх аравдугаар сарын 7 гэхэд дээр дурдсан мэдээллүүд ил болно гэсэн үг. Тэр болтол Үндэсний аудитын газрынхан тэдгээр тайланг хав дарна.
Харин тэр үед намрын сэрүү уначихсан байна. Шинэ УИХ хэдийн бүрдэж, Засгийн газраа байгуулаад, ялалтын баяраа тэмдэглэх гээд тал тал тийшээ тарж, наадамлаж одсон нам, эвслийнхэн эргэж цуглана. Гайхалтай нь, сонгуулиар ялж, засгийн эрхийг авсан аливаа нам, эвсэл кампанит ажлаа хэчнээн бохир мөнгөөр зохион байгуулсан байлаа ч санал хураалтаас дөрвөн сар орчмын дараа тэдэнд үнэндээ падгүй. Учир нь тэр тохиолдолд тэдэнд хариуцлага тооцох арга хэмжээ хуульд алга. Өмнөх сонгуулийн зардлын тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй нам, эвслийг дараагийн сонгуульд оролцуулдаггүй байсан ч энэ удаа Үндэсний аудитын газар нам, эвслийн ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-нээс өмнөх жилийн нэгдүгээр сарын 1 хүртэл хамаарах хандивын тайланг л хянаж буй. Сүүлийн нэг жил гаруйн хугацаанд авсан хандивын тайлан л хангалттай гэсэн үг. Үндэсний аудитын газрын мэдээлснээр УИХ-ын 2016 оны сонгуульд оролцсон 498 нэр дэвшигчийн 112 нь тайлангаа өгөөгүй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.2.3-т зааснаар сонгуулийн зардлын тайлан хүлээн авч, хянасан Үндэсний аудитын газар санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэх, бүрдүүлэх, түүнийгээ холбогдох байгууллагад хүргүүлэх л эрхтэй.
Үнэндээ хуульд заасны дагуу сонгуулийн зардлын тайлангаа хугацаанд нь бүрэн бүтэн ирүүлчихэж чадахгүй байгаа нь манай намуудын төлөвшлийг нэг талаар илтгэнэ. Ирүүлсэн тайландаа авсан, өгснөө бүгдийг нь тоочдог нам, эвсэл ч одоогоор үгүй биз. Учир нь сонгуулийн үеэр нам, эвслүүд, нэр дэвшигчдийнх нь гар дээр бэлэн мөнгө ихээр эргэлддэг. Тэр хэрээр төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээг хэтрүүлдэг. Гэсэн хэдий ч одоо байгаа хууль, эрх зүйн хүрээнд зардлын тайланг нь дээд хэмжээнд хянаж чадвал тэдний нууцаар, бэлнээр зарцуулаад байгаа хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг олж атгах сэжим болох юм. Ингэснээр бид энэ чиглэлд томоохон алхам хийж чадна.
56 дугаар зүйл. Хандив өгөх, хүлээн авахыг хориглох
56.1.Дараах этгээд хандив өгөхийг хориглоно:
56.1.1.гадаад улс буюу гадаадын байгууллага, олон улсын байгууллага, гадаадын хөрөнгө оруулалттай байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага;
56.1.2.гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн;
56.1.3.18 нас хүрээгүй хүн;
56.1.4.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд;
56.1.5.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан хуулийн этгээд;
56.1.6.үйлдвэрчний эвлэл, шашны байгууллага;
56.1.7.байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээд.
УИХ-ын сонгуулийн тухай хуулиас