Эрүүл мэндийн салбарт эдүгээ гурван том хөтөлбөрийг даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй. Эдгээр нь “Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд, эрүүл хүүхэд”, “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах” хөтөлбөр юм. Гэвч даатгалаас санхүүжүүлдэг үндэсний хөтөлбөрүүдийг гэрээт байгууллагууд үнэгүйдүүлж, мөнгө “угаадаг” бизнес сүүлийн үед газар авчээ. Бизнес гэж хэлсний учир нь томоохон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт тав, арван сая төгрөгөөр хэмжигддэггүй, өчнөөн тэрбумаар яригддаг. Энэ нь төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагынхны хувьд бол аманд нь орсон шар тос л гэсэн үг. Гэрээ байгуулах нэрийдлээр санхүүжилтийг дундаас нь гувчуулдаг жишиг тогтсон гэх. Мөн даатгалын мөнгийг хэрхэн “иддэг” арга нь ч тодорхой. Тусламж, үйлчилгээг зорилтот бүлгийнхэнд аль болох хүргэхгүй, сурталчлахгүй, төлбөртэй үзүүлснийгээ хөтөлбөрт хамруулсан мэтээр тооцоод л даатгалаас мөнгө “цохьчихдог” аж.
...Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан бүрдүүлдэг. Цаг наргүй ажилладаг тэдэнд үүнийхээ үр шимийг хүртэх зав тэр бүр байдаггүй. Олонх нь жилд нэг удаа буюу ээлжийн амралтаараа өрх, дүүргийнхээ эмнэлэгт хандахад хүлээж авахгүй байх нь ч бий. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах гэхээр эмч нар “Юу нь өвдсөн, ямар зовуурь байна вэ” гэж шалгаадаг. “Өвдөөгүй ээ, өвчнөөс сэргийлэх зорилгоор шинжилгээ өгөх гэсэн юм” гэхээр “Тэгвэл яах гэж ирсэн юм, ажил удаад” хэмээн унтууцах нь байдаг л үзэгдэл...
“Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг 100 хувь үр дүнтэй хэрэгжүүлж буй гэхгүй ч “боломжийн” гэж олон нийт дүгнэдэг юм билээ. Харин “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах” (цаашид урьдчилан сэргийлэх үзлэг гэх) хөтөлбөрийг эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байхад иргэд үүний талаар төдийлөн ойлголтгүй байгаа нь хэрхэн хэрэгжүүлж ирснийг илтгэх биз ээ. Тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 3-нд ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-аас насанд хүрэгчдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд улс даяар хамруулах болсныг зарласан.
Ингэх болсон шалтгаанаа ч тодорхой хэлсэн. Хүн амын эрүүл мэндийн статистик сүүлийн жилүүдэд сайнгүй гарсан тул өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанд тулгуурлан, үзлэг, оношилгооны багцыг насны бүлгээр боловсруулж, даатгуулагчдыг хамруулж эхэлсэн юм. Багц үзлэгийг 18-34, 35-45, 46-64, 65-аас дээш насныхан гэж ангилжээ. Гэвч даатгуулагчид эдгээр багцад тохирсон үзлэг, шинжилгээг хаана хийлгэхээ мэдэхгүй байгаа тул дараах мэдээллийг хүргэе. Эхлээд та ЭМДЕГ-ын албан ёсны сайт руу нэвтэрч, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээ үзүүлэх гэрээ бүхий улс, хувийн эмнэлгүүдийн жагсаалтыг харах хэрэгтэй. Нийслэлд гэхэд Улсын I, II, III төв эмнэлэг, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХСҮТ, ХӨСҮТ болон тусгай мэргэжлийн бусад төв, “Амгалан”, “Өргөө” амаржих газар, бүх дүүргийн Нэгдсэн эмнэлэг даатгалаар урьдчилан сэргийлэх үзлэг хийх үүрэгтэй юм байна. Хувийн хэвшлийнхэн дотор олны сайн мэддэг, үйлчлүүлдэг “Гранд мед”, “Хүмүүн мед”, “Номун”, “Топаз”, “Гэгээн ар үр”, “Оношмед”, “Натул”, “Мобио”, “Гялс”, “Элэгний төв” зэрэг багтжээ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод улс, хувийн хэвшлийн 63, орон нутагт 65 эмнэлэг урьдчилан сэргийлэх үзлэгийг даатгалаар үнэгүй хийж байгаа аж.
Эдгээр эмнэлэгт даатгуулагчид тухайлбал, 18-34 насныхан биеийн ерөнхий үзлэг (эмчийн үзлэг, биеийн жингийн индекс, цусны даралт хэмжих, эрсдэлийн үнэлгээний асуумж бөглөх), бэлгийн замын халдварт өвчин (тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, ХДХВ) илрүүлэх, сүрьеэ, уушгины өөрчлөлт, хавдрын рентген шинжилгээ үнэгүй хийлгэх эрхтэй гэсэн үг. Тэгвэл 35-45 насныхан үүнээс гадна зүрхний цахилгаан бичлэг, хэм алдалт, судасны нарийсал, даралт ихсэх өвчин, цусан дахь өөх тос, чихрийн хэмжээ, хэвлийн ЭХО, умайн хүзүүний өмөнгийн шинжилгээ зэргийг бүгдийг нь өгсөн ч болно. Харин 44-64 насныхан дээрх хоёр багц үзлэг дээр нэмээд, түрүү булчирхай, ходоодны дуран, элбэг тохиолддог найман төрлийн хавдрыг илрүүлэх үзлэгт хамрагдах боломжтой аж. 65-аас дээш насныханд үүн дээр нүдний иж бүрэн үзлэг нэмэгдэх жишээтэй.
Хүн амын дунд зонхилон тохиолддог өвчнийг насны бүлгээр ангилан, түүнд тохирсон үзлэг, шинжилгээг багц болгон зохион байгуулж буй нь авууштай. Гэвч цаасан дээр хараар бичсэн шигээ амьдралд хэрэгжүүлбэл эл хөтөлбөрийн үр өгөөж нь хэмжээлшгүй. Учир нь хүн амын дунд халдварт бус өвчин, тэр дундаа хавдар монголчуудыг “мөлхүүлж” буй. Жилд дунджаар 6000 гаруй хүн хавдартай нь илэрч, тэдний 60-70 хувь нь өвчнийхөө хожуу шатанд оношлогдож байна. Ийм үед эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ бидэнд ямар их ач тус өгөх билээ. Тэгвэл нийт халдварт өвчний талаас илүү хувийг нь бэлгийн замынх эзлэх болж, ХДХВ/ДОХ-ын тохиолдол 292-т хүрлээ. Энэ нь нөхөн үржихүйн насныхныг “хормойн” өвчний оношилгоо, эмчилгээнд толгой дараалан хамруулах шаардлага өмнөхөөс илүүтэй тулгарсныг илтгэх бус уу.
Гэтэл улсын хэмжээнд хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх үзлэгт даатгуулагчид хамрагдах боломж нь хомс байдаг. Гэрээ бүхий эмнэлгүүд иргэдэд урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл өгөхгүй, сурталчлах хүсэлгүй байгаа нь нууц биш. Итгэхгүй бол даатгалаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй аль ч хувийн эмнэлэгт ороод үзээрэй. Магадгүй хэн нь ч иргэдэд “Та урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан уу. Манайх ийм үйлчилгээг нь үзүүлж байгаа. Та даатгалтай бол манайхаар хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой” гэж хэлэхгүй л болов уу. Тиймээс даатгуулагчид өөрсдөө энэ талын мэдээлэлтэй болох нь зүйтэй.
ЭМДЕГ-ынхны мэдээлснээр, улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгт энэ сарын 18-ны байдлаар 181 414 хүн хамрагдсан гэнэ. Үүний 61 600 нь нийслэлийн иргэн аж. 46-64 насныхан хамгийн идэвхтэй буюу 76 452 хүн үзлэг хийлгэжээ. ДЭМБ-ын зөвлөмж болгосон насны ангиллын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг даатгуулагч иргэн бүрт хүргэж буй гэх уг статистик өмнө нь хэлсэнчлэн бодит амьдралд биеллээ олохгүй байгааг иргэд шүүмжилсэн. 40-өөс дээш насныхан найман төрлийн хорт хавдрыг илрүүлэх үзлэгт хамрагдах эрхтэй боловч үр шимийг нь бүрэн дүүрэн хүртэх боломж хязгаарлагдмал байгаа аж. Урьдчилан сэргийлэх үзлэгийн үр дүнд 2030 он гэхэд хорт хавдрын өвчлөлийг 35 хувиар бууруулна гэж албаныхан тооцжээ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас энэ онд улсын эмнэлгүүдэд 288.9, хувийнхад 73.2, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт 17.5, урьдчилан сэргийлэх үзлэгт 23.1 тэрбум төгрөг гэхчлэн тоймгүй их мөнгийг даатгалаар үзүүлдэг тусламж, үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөжээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахад иргэд дараах хөнгөлөлт эдлэх юм билээ. Тодруулбал, 18-34 насныхан гэрээт эмнэлгүүдэд биеийн ерөнхий үзлэг болон бэлгийн замын халдвар илрүүлэх шинжилгээ хийлгэвэл тус бүр 10 000, рентген шинжилгээнд 8000 гээд нийт 28 000 төгрөгийн багцтай. 35-45 насныхан 43 000-58 000, 46-64 насныхан 55 000-65 000, 65-аас дээш насныхан 50 хүртэлх мянган төгрөгийн тусламж, үйлчилгээ үнэгүй авах эрхтэй аж.
Гэвч урьдчилан сэргийлэх үзлэгийг дээрх багцаар, нас насанд нь тохирсноор зохион байгуулж буй эмнэлэг цөөн байгааг иргэд хэлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын дийлэнх хувийг хөдөлмөрийн насныхан бүрдүүлдэг. Цаг наргүй ажилладаг тэдэнд үүнийхээ үр шимийг хүртэх зав тэр бүр байдаггүй. Олонх нь жилд нэг удаа буюу ээлжийн амралтаараа өрх, дүүргийнхээ эмнэлэгт хандахад хүлээж авахгүй байх нь ч бий. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдах гэхээр эмч нар “Юу нь өвдсөн, ямар зовуурь байна вэ” гэж шалгаадаг. “Өвдөөгүй ээ, өвчнөөс сэргийлэх зорилгоор шинжилгээ өгөх гэсэн юм” гэхээр “Тэгвэл яах гэж ирсэн юм, ажил удаад” хэмээн унтууцах нь байдаг л үзэгдэл. Эсвэл 14 хоног, сарын дараа үзлэгийн цаг өгч, “хясна”. Үнэнийг хэлэхэд, даатгуулагчид ээлжийн амралтынхаа хэдэн хоногийг эмнэлгийн үүд сахиж өнгөрүүлэх нь олонтоо. Залхаад хаядаг нь түүнээс ч олон. Эмч нар иргэдийг өвчнөө эрт илрүүлж, эмчлүүл гэж байнга шахам уриалах хэрнээ ачир дээрээ амь нь тэмцээгүй л бол хүлээж авдаггүйг нийтээрээ мэддэг болжээ.
ЭМЯ, ЭМДЕГ-ынхан даатгалын тогтолцоог сайжруулах гэж хэрэндээ хичээж, үзлэг, шинжилгээний төрлийг нэмэгдүүлэн, санхүүжилтийг жил ирэх тусам өсгөж байгаа ч хэрэгжүүлэгч байгууллагуудын үүрэг, хариуцлагагүйгээс, мэргэжлийнхний хяналт сулаас хөтөлбөрүүд энэ мэт үр дүнгүй хэрэгжиж, татвар төлөгчид л хохироод хоцрох нь.