Энэ жилийн УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших хүсэлт гаргасан Н.Номтойбаярыг Сонгуулийн ерөнхий хороо хассан гэх мэдээлэл цахим ертөнцөд тархаад буй. Тэгвэл энэхүү мэдээлэл ор үндэслэлгүй болохыг Н.Номтойбаяр өчигдөр мэдэгдсэн юм.
Мөн өчигдөр болсон Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар Н.Номтойбаярыг Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвших болзол хангасан гэж үзэн, бие даагчаар бүртгэжээ.
Энэ талаар Н.Номтойбаяр өөрийн цахим хуудсандаа “Сонгуулийн ерөнхий хорооны тогтоол гарч миний бие Нямтайширын Номтойбаяр 2020 УИХ-ын сонгуульд ХАН-УУЛ дүүрэгт бие даан нэр дэвших хуулийн болзлыг хангалаа. Бие даан нэр дэвшиж буй намайг дэмжиж 5 хоногийн дотор гарын үсгээ зурсан 31,041 сонгогч болон гарын үсгээ зурж амжаагүй ч дэмжихээ илэрхийлсэн мянга мянган залуучууддаа баярлалаа. Жич: Хуульд зааснаар 6/2-нд сонгуулийн ажил эхэлмэгц ямар бодлого, шийдэлтэй Хан-Уул дүүргээс УИХ-д нэр дэвшиж байгаагаа танилцуулна. Таныг хүндэтгэсэн Нямтайширын Номтойбаяр” гэжээ.