Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавирус дэлхийн 216 улс оронд тархаад байна. Уг халдвараар 5668000 мянган хүн өвчилжээ. Сүүлийн 24 цагт өвчлөл 14000-аар буурсан таатай мэдээтэй байна.
Манай хойд хөршид сүүлийн хоногт 8,946 өвчлөл шинээр бүртгэгдсэн. Манай олон аймагтай хил залгаа Эрхүү, Буриад, Тува, Читад өвчлөл 78-116 тохиолдлоор нэмэгдэж, эрчимтэй тархаж байна. Ялангуяа Эрхүү хотод сүүлийн гурван өдөр дараалан өвчлөл эрчимтэй нэмэгдлээ. Тиймээс Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин олон нийтийн газар болон хил орчмын бүсээр явахгүй байхыг зөвлөж байгаа юм.
119 дугаар 336 иргэнээс дуудлага ирж, зөвлөгөө авлаа. Шуурхай аппликейшнээр дамжуулан гадаад орнуудаас 31 иргэн холбогдож мэдээлэл, зөвлөгөө авсан.
Амралтын газруудад зориулсан зөвлөмжийг ЭМЯ-аас гаргаж мэдээлсэн. Иргэдээс амны хаалт зүүхгүй байна, амралтын газруудад хүний бөөгнөрөл үүсч, амны хаалт хэрэглэхгүй байна гэх гомдлууд ирсэн. Нэг дор олноор нь оруулахгүй, хооллохгүй, ашиглаж байгаа хоолны ширээнийхээ 50 хувийг хэрэглэх, өрөөг сайтар цэвэрлэж халдваргүйтгэл хийх хэрэгтэй" гэж хэлэв.