Израилийн нисэх хүчний сөнөөгч онгоцнууд Ливаны агаарын орон зайд нэвтэрч , тус улсын өмнөд хэсэгт орших суурин газруудын дээгүүр нисжээ. “Al Watania” агентлагийн мэдээлэлж буйгаар Израилийн нисгэгчид Маржаюн хот болон түүний ойр орчимд агаарын довтолгооны маневр хийж тус нутгийн оршин суугчдийг айдаст автуулсан байна. Эсэргүүцлийн хөдөлгөөний баатруудын дурсгалд зориулсан цогцолбор байдаг Млита хотод “Хезболла” намынхан бэлгэдлийн жагсаал хийсний дараа Ливаны тэнгэрт Израилийн онгоцнууд гарч ирсэн байна. Жагсаалыг Израилийн цэргүүд Өмнөд Ливанаас дөрвөн гарсны 20 жилийн ойг тохиолдуулан хийсэн аж. 5-р сараас эхлээд Израилийн нисэх хүчин Ливаны дээгүүр тандалтын эрчимтэй нислэг хийх болсон байна. 5-р сарын 12-ны өдөр Сиритэй хил залгаа Шебаа, Хасбай, Аркуб фермууд, Жебел аль-Шейхийн өндөрлөгийн дээгүүр Израилийн найман сөнөөгч онгоц нислэг хийжээ. Мөн 5-р саын 20-нд Набатия хот болон “Хэзболлах” бүлгийн гол тулгууруудын нэг Иклим ат-Туфах хотын дээгүүр агаарын довтолгооны маневр хийсэн байна. Ливан улсын Ерөнхийлөгч Мишель Аун 5-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ливан дахь Тусгай зохицуулагч Жан Кубишид Ливаны засгийн газар "Израилийн өдөөн хатгалгыг үл харгалзан хил дээр тайван байдлыг хадгалахыг эрмэлзэж байна" гэж мэдэгджээ. 5-р сарын 14-ний өдөр Израилийн 25 цэрэг Ливаны хил руу нэвтрэн Эдеса сууринг самнаж эхлэхэд Ливаны армийнхан түгшүүр аван хилийн тус бүс нутаг руу цэргүүдээ явуулжээ. Тэдний араас ирсэн НҮБ-ын энхийг сахиулагчид зэвсэгт мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлж чадсан байна. “Цэнхэр дуулгатнуудын” хяналт дор Израилийн цэргүүд өөрсдийн байрладаг цэг рүүгээ буцжээ.