Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан бугуйн цагаа харж байгаад хүчин төгөлдөр болсныг зарлав
УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Уг нэмэлт, өөрчлөлтийг өчигдөр буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны өдрийн морин цагаас (12.00) мөрдөж эхэллээ. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан ардчилсан, шинэ Үндсэн хууль мөн оныхоо хоёрдугаар сарын 12-ны 12.00 цагаас эхлэн хүчин төгөлдөр болж байжээ.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын Тамгын газраас хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Mөн хуралд УИХ-ын гишүүн, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын дэд хэсгийн ахлагч, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, ажлын дэд хэсгийн гишүүн, Гавьяат хуульч Н.Лувсанжав, АИХ-ын депутат, Улсын бага хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, Д.Ламжав, УБХ, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар оролцлоо.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан мэдээллийн эхэнд “Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ болох Үндсэн хууль бүрэн бүтэн болж, улс орон даяар хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа, оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангасан зохицуулалт оруулснаар улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн 20, 30 жилд яаж удирдан зохион байгуулах, хүний эрх, эрх чөлөөг хэрхэн бодитой хангах вэ гэдгийг тогтоож чадлаа. Тухайлбал, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засаж, залруулсан. Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл, боломжийг нээж байна. Парламентын ардчиллыг зөв голдиролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган, УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн тэнцлийг оновчтой болголоо. Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт орууллаа. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлтийг ч хийсэн. Тиймээс ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалын он болно. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан гарах 40 гаруй хууль нь ард түмний хүсэж байгаа шударга ёс, төрийн эрх барих байгууллагын хариуцлага, төсвийн ил тод, хяналттай байх нөхцөлийг амьдралд биежүүлэн буулгах ёстой. Органик хуулиуддаа эдгээр нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмуудыг нэгбүрчлэн нарийвчлан суулгаж чадахгүй бол засаглалын хямралаас гарах үйл явц удаашрах болно. Иймд шинэ дэвшилт үзэл санаа, үйл хэрэг аль болох зөв хэрэгжиж, улс орны хөгжилд ач тусаа хурдан үзүүлэхийн төлөө дараагийн төр, засаг хичээн ажиллах үүрэг хүлээж байгааг ухамсарлан ойлгох хэрэгтэй” гэв.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Мөн Төрийн аудитын тухай хуулийг шинэчилж, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал буюу “Алсын хараа-2050” хөтөлбөртэй болоод буй. Гишүүн Д.Лүндээжанцан “Үндсэн хуульд Монгол Улсын хөгжил, төлөвлөлт тогтвортой байна” гэж заасны дагуу “Алсын хараа-2050”-ийг баталж, нийгэм, эдийн засгийн урт, богино хугацааны бодлогоо тодорхой болголоо. Сонгуулийн дүнд байгуулагдсан шинэ УИХ анхдугаар чуулганаа хуралдуулсан өдрөөс УИХ болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг мөрдөнө. 57-гоос дээш гишүүн тангараг өргөснөөр УИХ-ын бүрэн эрх нь хэрэгжиж эхлэх бөгөөд Засгийн газрын хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болж, Засгийн газраа байгуулна” хэмээн тайлбарлав.