Монголчууд тэр дундаа хүүхдүүд хавар, намар, өвөл ханиад, томуугаас салахгүй, уушгины хатгалгаагаар жилд дунджаар 400-500 иргэнээ алддаг байсан нь саяхан. Өнгөрсөн онд гэхэд уушгины хатгалгаагаар 119 мянган хүн өвчилсний 77 мянга гаруй нь тав хүртэлх насныхан байв. Тэгвэл Монгол Улс шинэ вирусийн халдвараас сэргийлж эхэлснээс хойш амьсгалын болон гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин үлэмж хэмжээгээр буурчээ. Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний судалгаагаар энэ оны эхний дөрвөн сард халдварт өвчний 12 020 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 2125-аар цөөрсөн дүн болов. Үүний 25.8 хувийг амьсгалын замынх эзэлжээ. Амьсгалын эрхтэн тогтолцооны өвчин өмнө нь 35 хувиас буурч байгаагүйг судлаачид онцолсон. Тодруулбал, он гарснаас хойш амьсгалын замын халдварт өвчний 3102 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 2708-аар буюу 46.6 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Томуу, томуу төст өвчин энэ оны эхний нэг сард 10 мянган хүн тутамд 104 оношлогдсон бол эдүгээ эл тоо ес байна. Ханиад, томуугаас гадна салхинцэцэг 2000 гаруй тохиолдлоор цөөрсөн нь халдварт өвчин буурахад голлон нөлөөлсөн аж.
Бэлтгэсэн: О.Ундрах