Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн байдал, шинэ нөхцөлд тохируулан зохион байгуулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэв. Түүх, соёлын дархлаа болсон Үндэсний их баяр наадмаа зохион байгуулж, олон сар хорио цээрийн дэглэмд амьдарч буй ард иргэдээ хүндэтгэхийн зэрэгцээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, уламжлалаа тасалдуулахгүй байх нь зүйтэй гэж тус хорооны гишүүд санал нэгдсэн байна. Ингэхдээ иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн, зохион байгууулах нь.
Тухайлбал, долдугаар сарын 10-нд төрийн хүндэтгэлийн концертыг СТӨ-нд зохион байгуулж, 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд есөн хөлт цагаан тугаа залан, Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмыг нээн үг хэлж, урлагийн арга хэмжээ болох юм. Нээлтийн ёслолыг шинэлэг хэлбэрээр зохион байгуулж, урлагийн ажилчдыг олноор төвлөрүүлэхгүй, хэд хэдэн газарт зэрэг тоглуулж, технологийн шийдэл ашиглан нэгтгэн үзүүлэх аж. Бөхийн барилдаан, морины уралдаан, сур, шагайн харвааг уламжлалын дагуу зохион байгуулах бөгөөд тамирчид, зохион байгуулагчид, цэнгэлдэх хүрээлэнд нэвтрэх хүмүүст “Ковид- 19”-ийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлага тавих юм байна. Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ явуулахгүй, иргэдийг төвлөрүүлэхгүйн зэрэгцээ наадамчин олон цахим хэлбэр, радио, телевизийн сувгаар баяр наадмаа үзэх юм.
Бэлтгэсэн: У.Наран