Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ "Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусний халдвар илрээгүй.
Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 3, Дархан-Ууд аймагт тусгаарлагдсан 11 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 17 сорьц (Тандалтын сорьцыг Улсын Нэгдүгээр төв эмнэлэг болон Гуравдугаар эмнэлэг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлгээс цуглуулжээ), энхийн сахиулагч 113 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Дархан-Уул аймагт ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирус илрээгүй юм.
Хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарлаа. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан хоёр оюутан 37-39 хоног эмчлүүлж байгаад бүрэн эдгэрч гарсан байна. Хоёр өвчтөнийг дараагийн шатны сувилалд шилжүүлсэн. Монгол Улсад коронавирусний батлагдсан 141 тохиолдол байгаа бол 30 өвчтөн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжүүлсэн байгаа.
Одоогоор ХӨСҮТ-д 111 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 86 өвчтөний биеийн байдал нь хөнгөн, хүндэвтэр 25 хүн байна" гэж хэлэв.