Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс, нутаг дэвсгэрт тархаад байна. Сүүлийн 24 цагт 116 мянган хүн шинээр халдвар авсан. ОХУ-д өчигдөр 8,849 хүн халдвар авсан бөгөөд нас баралт нэмэгдэж байна. Манай олон аймагтай хиллэдэг Тува, Буриад, Читэд өвчлөлийн тархац нэмэгдэж байгаа тул иргэд мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагахыг уриалж байна.
Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 30 нь эмчлэгдэж гарснаар 111 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Сүүлийн 24 цагт 3 ажиглалтад орж, 263 хүн гэрийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр 1,394 хүн ажиглах байранд байна. Тэдний 182 нь архаг хууч өвчтэй бөгөөд иргэдэд 41 их эмч, 36 резидэнт эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. 11 их эмч орон нутгийн 13 галт тэргэнд ажиллаж 5127 зорчигчид тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Шуурхай 119 дугаарын утсанд сүүлийн 24 цагт гадаадаас 11 иргэн коронавирусийн эмнэл зүй, зөвлөгөө мэдээллийг авсан" гэж хэлэв.