Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас мэдээлэл өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл хэлэхдээ "Дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 5.186 сая халдварын тохиолдол илэрч, 333 мянган хүн нас барж, 2 сая хүн эдгэрчээ. Дэлхийд нийт 2,7 сая хүн эмчлүүлж байгаа юм. Үүнээс 45 мянган хүний биеийн байдал маш муу байна.
Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 103 мянган хүн халдвар авч, 4000 хүн нас барлаа. Манай хойд хөршид байдал хүнд хэвээр байна. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8843 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриадад 27, Эрхүүд 34, Тувад 44, Читад 31 тохиолдол шинээр бүртгэгдсэн тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.
Өнөөдрийн байдлаар 1651 иргэн тусгаарлах байранд байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтэй 195 хүн байгаа тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. Энд нийт 78 эмнэлгийн ажилтан үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Өчигдөр найман байгууллага хамтран эрсдэлийн үнэлгээг 8 дахь удаагаа хийж, хүн амын дунд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.
Орон нутгийн 15 галт тэргэнд нийт 4415 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа.
119 дугаарт 224 дуудлага, шуурхай аппт гадаадын 7 орноос 10 хүн холбогдож, урьдчилсан сэргийлэх талаар зөвлөгөө авчээ.
Энэ сарын 25-нд ОХУ-ын Европын хэсэгт байгаа монгол иргэдээ Москва-УБ тусгай захиалгат онгоцоор татаж авна. Харин 26-нд ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна" гэж хэлэв.